Бага сургуулийн барилга угсралтын ажил 65-70 хувийн гүйцэтгэлтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-05-07 14:37:46

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын дөрөвдүгээр багт барьж байгаа 320 хүүхдийн суудалтай бага сургуулийн барилга угсралтын ажил 65-70 хувийн гүйцэтгэлтэй байна.

Сургуулийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Өгөөмөрөн шанд” ХХК барьж буй бөгөөд 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй.

Анхны төлөвлөсөн зардал нь 2.1 тэрбум төгрөг бөгөөд гүйцэтгэгч компани нийт санхүүжилтийнхээ 1.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Энэ нь зөвхөн барилга угсралтын ажлын санхүүжилт аж. Тиймээс дахин 600 сая төгрөгийн хөрөнгөөр нэмэлтээр барилгын салхивч, дулааны магистрал шугам, гэрэлтүүлэг, цахилгаан шугам сүлжээ зэрэг ажлыг хийх шаардлагатай байгааг албаныхан Сангийн яам болон бусад холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа талаар албаны хүн өгүүлэв.

Сайншанд сумын дөрөвдүгээр багт байдаг ерөнхий боловсролын III сургууль 400 орчим хүүхдийн багтаамжтай хэдий ч багтаамж хоёр дахин ихэсч 800 гаруй хүүхэд сурч байна. Бага сургуулийг ашиглалтад оруулснаар ачаалал багасч өдөрт хоёроос гурван ээлжээр хичээллэдэг байдал үгүй болж хэвийн хичээллэх боломж бүрдэх аж.

Аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр барилгын ажлын явцтай танилцаж ажлыг түргэвчлэх, хугацаанд нь ашиглалтад оруулах, чанарт анхаарч, байнгын хяналт тавьж ажиллах талаар холбогдох албаныханд үүрэг болголоо. 


Холбоотой мэдээ