Ерөнхийлөгч Х.Баттулга хепатит вирусийн судалгаа хийж буй эрдэмтэдтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-07 15:24:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хепатитын В/Д вирусээс хамгаалах эмийн Эмнэлзүйн III шатны судалгаа хийж байгаа “Айгер Биофармасютикалс” компанийн Ерөнхий захирал, эм зүйч Давид А.Кори, дэд ерѳнхийлѳгч, доктор Ингрид Чоонг болон Клиник хариуцсан дэд ерѳнхийлѳгч Жон Ферраро нарыг  өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Тус байгууллагын төлөөлөл Монгол Улсын анагаах ухааны салбарын эрдэмтэдтэй, тэр дундаа “Оном сан”-гийнхантай 11 жилийн турш хамтран ажиллаж байгаа аж. Уулзалтаар хепатит В/Д вирусийн эсрэг эмчилгээ нэвтрүүлэх шаардлага, элэгний өвчлөлийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцав. Энэ үеэр ноён Давид А.Кори хепатит В/Д вирусийн эсрэг эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх, судалгаа хийх нөхцөл боломжийг бүрдүүлэх, хепатит вирусийн халдвараас сэргийлж ажиллах нь чухал болохыг хэлээд энэ чиглэлд бүхий л түвшиндээ анхаарал хандуулахыг хүслээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хепатит В/Д вирусийн эсрэг эм амьжиргааны түвшин доогуур иргэдийн худалдан авах чадварт нийцсэн байх хэрэгтэй гэдгийг дурдаад, Монгол Улсад нэн их байгаа элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг бууруулахын тулд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ