Инновац хөгжүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн орчин сайжирч буйг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-05-08 09:01:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын инновацын 7 хоногийн хүрээнд “Хамтын инноваци-2019” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийг БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, УИХ-ын гишүүн, УИХ дахь инновацын лобби бүлгийн дарга Н.Учрал нар нээж үг хэлэв. Хэлэлцүүлэг үндсэн 2 хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт “Монголын инновацын оролцогч талуудын өнөөгийн нөхцөл байдал” сэдвийн хүрээнд үндсэн илтгэлийг БСШУСЯ-ны инновацын хэлтсийн дарга Д.Одгэрэл тавьж хэлэлцүүллээ. Хоёрдугаар хэсэгт “Инновацыг хөгжүүлэхэд хамтын оффис, инкубатор төвүүдийн үзүүлэх нөлөө, ач холбогдол, боломж” сэдвийн хүрээнд илтгэл, панел хэлэлцүүлэг, багийн хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Монгол Улсад инновацыг хөгжүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн орчин  сайжирч байна. Тухайлбал, инновацын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, инновацын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хууль, улсын бүртгэлийн тухай хууль, татварын багц хуулиуд нь инновацыг хөгжүүлэхэд чиглэсэн зүйл заалттай болсныг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо.

Инновацын эко системийг хөгжин бий болоход салбар хариуцсан мэргэжлийн яам, агентлаг, холбогдон ажилладаг газрууд, их, дээд сургууль, эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны байгууллагууд, салбарын мэргэжлийн төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, судалгаа шинжилгээний хүрээлэн, инкубатор төв, хамтын оффисууд, гарааны бизнес эрхлэгчид, бизнесийн төлөөлөл гээд жигд оролцоотой байгааг мөн тэмдэглэв.  

Хэлэлцүүлэг нь болж бүтэхгүй байгаа зүйлийг ярих биш байгаа боломж, өгөгдөлдөө тулгуурлан цааш хөгжих зураглал, шийдлийг хэлэлцэж гаргасан шинэ санал санаачилгуудыг хүлээн зөвшөөрч хамтран ажиллах боломжийг нээхэд чиглэснээрээ ач холбогдолтой боллоо хэмээн оролцогчид дүгнэлээ.

Хэлэлцүүлгийг БСШУСЯ, Монголын Хамтын Оффисуудын холбоо ТББ хамтран зохион байгуулсан бөгөөд  уламжлалт хурал семинарын хэлбэрээр бус, оролцогч талуудын төлөөллийг жигд хуваарилж, дугуй ширээний хэлбэрээр хэсэг тус бүрт даалгавар өгөн ажилласан юм.

 

Холбоотой мэдээ