Төслийн үр дүнд эмнэлгийн эмч, мэргэжилтний аюулгүй байдал сайжирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-09 10:03:52

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр ЭМСХХ-5 төслийн хүрээнд хэрэгжсэн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгал, нян судлалын лабораторийн их засварын ажлын гүйцэтгэл, тоног төхөөрөмжийг хүлээн авах үйл ажиллагаа энэ сарын 7-ны өдөр боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа, Б.Цолмон, мэргэжилтэн Д.Өнөржаргал болон бусад холбогдох төлөөлөгчид Сэлэнгэ аймгийн удирдлагууд оролцлоо.      

Энэхүү төслийн хүрээнд 2013 оноос Сэлэнгэ аймагт Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, ЭМ-ийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, ЭМБ-ын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах, нян судлалын лабораторийн үйл ажиллагааг сайжруулах төслүүд амжилттай хэрэгжжээ. Төслийн үр дүнд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, үйлчлүүлэгч, эмнэлгийн эмч, мэргэжилтний аюулгүй байдал сайжирсан байна.

Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” ЭМСХХ-5 төслөөс Монгол Улсын эрүүл мэндийн салбарын төв хөдөөгийн эмнэлгүүдэд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу урсгал хөдөлгөөнтэй, агааржуулалтын иж бүрэн системтэй, халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагаанд нэн шаардлагатай дэвшилтэт, технологи бүхий орчин цагийн багаж тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон загвар хийц болохуйц төслүүдийг хэрэгжүүлж байгаа ажээ.  

Холбоотой мэдээ