Хууль гаргаж 2015 онд ил болгосон 33 их наяд төгрөгийн мөнгөн хөрөнгө

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-05-09 10:00:57

УИХ 2015 онд “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хууль батлав. Байнгын ажиллагаатай парламенттай орны хувьд, хууль батлах хэвийн үзэгдэл.  Энэ хуулиар 8 794 иргэн, 25 мянга 69 аж ахуйн нэгж, харьяалалгүй 448 иргэний нийт 33,3 их наяд төгрөгийн хөрөнгийг ил болгосон. Хууль батлагдаад, мөнгөн хөрөнгө ил болоод дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Өнгөрсөн хугацаанд 2015 онд ил болсон 33 их наяд төгрөгийн мөнгөн хөрөнгийн талаар хэн нэгэн хүн ам нээсэнгүй. Харин одоо бол амтай болгон ярьж байна гэж хэлж болно. Ийм ярианы эхлэлийг АТГ-ын дарга Х.Энжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын оронд нэр дэвшсэн З.Дашдаваа, Ж.Батсайхан нарын талаар Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх явцад АТГ-ын дарга  Х.Энхжаргал, төр ажлаа авах гэж байгаа юм байна. Сайхан залуучууд нэр дэвшээд ороод ирлээ. Би ажлаа өгнө. Гадаад зах зээл дээрээс баахан бонд босгож ирээд тухайн үеийн эрх баригчид үрэн таран хийсэн. Түүнийг нь тухайн үеийн УИХ (2012-2016 оны хооронд ажилласан) “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хууль батлаад цайруулсан. Хууль хаалттай гарсан тул  гүйцэтгэх ажиллагаа явуулах боломж (Татварын ерөнхий газар (ТЕГ) дээр хав дарчихсан)-гүй болгосон. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр тоог цухас харсан. Энэ байдал хамтран ажилладаг олон улсын байгууллагууд дээр очоод Монгол Улсын нэр хүндийг батаар болгосон. Авилгын индекс нэмэгдсэн нь үүнтэй холбоотой. Түүнийг энэ танхимд хэлэх ёстой. АТГ-ын бусад ажил гайгүй байгаа гэж бодож байна гэсэн утгатай үг хэлсэн билээ.


Хууль зүйн байнгын хорооны хурал дээр сөхөгдсөн энэ асуудал чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос  “Та ийм хуулийг батлахад УИХ-ын даргаар ажиллаж байсан. Тухайн үед (АТГ-ын дарга бондын мөнгө гэж хэлсэн гэв)  яагаад ийм хууль батлав” гэж  УИХ-ын зарим гишүүн (Т. Аюурсайхан) асууж тодруулах хэмжээнд хүрлээ. Чуулган дээр гарсан дээрх асуултад, З. Энхболд “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийг 2015 онд батлахад, УИХ-д Ардчилсан нам, МАН, МАХН суудалтай байсан юм. Бүгд ярьж хэлэлцээд баталсан. Тэр үед би УИХ-ын чуулганыг удирдаж байсан, хуучин парламентын баталсан хуулийн талаар би дангаараа хариуцлага хүлээхгүй. 2015 онд "Чингис", "Самуурай" бонд нийлээд хоёр тэрбум ам.доллар, нийлээд гурван их наяд төгрөг. Гэтэл ил болсон хөрөнгө 33 их наяд төгрөгөөр яригдаж байна. Тэгээд ч тухайн үед бондуудын мөнгө зарцуулагдаагүй байсан. Түүнийг бондын мөнгө гэж үзэх боломжгүй. Шаардлагатай бол УИХ-д 65 суудалтай МАН хуулийг хүчингүй болгож болно. Өршөөгдсөн хөрөнгийг ил тод болгох саналыг би дэмжиж байгаа. Харин өршөөлд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжийг мөнгөн дүнгийнх нь хамт жагсаалтаар ил болгох хэрэгтэй” гэсэн хариулт өгч байв. Эндээс хуулийн дагуу ил болсон мөнгөн хөрөнгийн талаарх улс төрчдийн хэлж байгааг харахад, өршөөгдсөн мөнгөн хөрөнгийг нэг хэсэг нь бондын мөнгө гэж үзэж байхад, нөгөө хэсэг нь үгүйсгэж байна. Энэхүү эсрэг, тэсрэг байр суурь нийгмээрээ хоёр талцаж 33 их наяд төгрөгийн мөнгөн хөрөнгийн талаар ярих ярианы сэжүүрийг сөхөв бололтой.


Ерөнхийдөө сүүлийн өдрүүдэд энэ сэдвээр хэвлэл мэдээллийн байгууллагууд илүүтэй мэдээлэл цацаж байна. Хуулиар мөнгөн хөрөнгө нь ил болсон иргэдийн нэрс бусдын анхаарлыг татах нь тодорхой. Далд нууцлагдмал зүйл рүү хошуурах нь хүний гэм биш зан юм. Гэм биш зан болсон энэ үйлдлийг одоо хүний мэдэх эрх гэж тайлбарлаж хэлж болно.Төрийн хүнд суртал, татварын дарамт нь далд эдийн засаг нуугдмал мөнгөн хөрөнгө бий болоход голлох нөлөө үзүүлдэг юм байна. Энэ гэмээ төр цайруулж иргэн, аж ахуйн нэгжид нуугдмал мөнгөн хөрөнгөө ил болгоход өршөөл үзүүлэх нь аливаа төрд байдаг гэнэ. Манай улс үүнээс өмнө 2008 онд татвар, нийгмийн даатгалын төлбөрийг хууль гарган өршөөж байсан байна. Харин 2015 онд гарсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хууль татвар, нийгмийн даатгалын төлбөрөөс гадна хөдлөх болон үл хөрөнгийг хамруулсан нь 2008 онд гарсан хуулиас ялгаатай гэнэ. Хамрах хүрээ өргөн, түүнийгээ дагаад  ил болгосон  мөнгөн хөрөнгө (33,3 их наяд)-ийн дүн их гарчээ.


Ер нь татвар, нийгмийн даатгалын төлбөрөөс зугтах, тодорхой дүрэм журмыг өндөр зардал гарган дагаж биелүүлэхээс зайлсхийх хэлбэрээр эдийн засгийн үйл ажиллагаанд оролцогчдын хүрээнд эргэлдэх мөнгөн хөрөнгө хуримтлагдахыг  далд эдийн засаг гэж нэрлэдэг гэнэ. Эдгээр үйл ажиллагааг бэлэн мөнгөөр хийх нь бүртгэл, хяналтаас гадуур байх боломжтой гэж судлаачид үздэг байна. Далд эдийн засаг идэвхжих тусам бэлэн мөнгөний эрэлт нэмэгддэг онцлогтой аж. Манай улсад 2012 онд далд эдийн засаг ДНБ-ий 35 хувь эзэлж (бэлэн мөнгөний таамаглал дээр тооцох аргачлалаар гаргасан) байсан байна. Энэ хуулийн төслийг (2012 онд) боловсруулахдаа дээрх дүгнэлт дээр тулгуурласан байх магадлалтай. Олон улсад  ДНБ-д далд эдийн засаг ийм хувь хэмжээ эзэлж байвал  тухайн орныг  шилжилтийн эдийн засагтай орон гэж үздэг гэнэ.


Харин 2015 оны 8 дугаар сарын 7-нд батласан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн зорилтыг хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгана. Мөн гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийнэ. Ийм тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулна гэж  тодорхойлсон байна. Энэ бол иргэн аж ахуйн нэгжид тухайн үед олгосон асар их боломж байсан биз. Харин одоо бол улс төр хийх хар хөрс болон хувирах бололтой.

Холбоотой мэдээ