УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.14 цагт эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэх хууль, тогтоолын төслийг танилцуулав.
Тэрээр, Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээс гадна Хэмжил зүйн тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Захиргааны ерөнхий хууль, Нотариатын тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Инновацийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” тогтоолын төслийг мөн хэлэлцэх юм. Түүнчлэн “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай”, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” тогтоолын төсөл, УИХ-ын Тамгын газрын Төрийн нарийн бичгийн даргыг томилох, Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай, Зарим байнгын хорооны даргыг сонгох талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох, түүнээс сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар” УИХ-ын ын гишүүн Т.Аюурсайханаас ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хандан тавьсан асуулгын хариуг сонсоно.
Энэ үеэр, хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ирэх долоо хоногт 57 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын багийн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхээс гадна, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх жагсаалтад яаралтай оруулах, бэлтгэл ажлыг хангах санал гаргалаа. Мөн тэрээр тус ажлын багийн дүгнэлтийг УИХ-ын гишүүдэд хүргүүлж, нэгдсэн мэдээлэлтэй болгох тал дээр анхаарахыг хүсээд, “Рио тинто”-гоос ирсэн хариу тайлбарыг Байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүдэд тараахгүй байх санал гаргав.
Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын Тамгын газрын төрийн нарийн бичгийн дарга, зарим албан тушаалтан болон байнгын хорооны дарга нарын томилгоог хэлэлцэх асуудлын эхэнд хэлэлцэх санал гаргав. Мөн өнгөрсөн жил Засгийн газраас "Тогтвортой хөгжлийн зорилт 2030"-ын хэрэгжилтийн талаарх асуулга тавьсан гэдгээ хэлээд, түүний хариуг сонсох асуудлыг шийдвэрлэхийг хүсэв.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Жилд хорт хавдрын оношоор дөрвөн мянган хүн нас барж байгааг дурдаад, Хорт хавдар, эрт илрүүлэлтийн асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдсэн ч ажлын баг хуралдахгүй байсаар орхигдсон. Тиймээс энэ асуудлыг яаралтай чуулганаар хэлэлцэх санал гаргалаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал, Цахим бодлогын хороо 26 гишүүнтэй байгуулагдсан гэдгийг хэлээд, тус хорооны ажлын багийн хуралдаанд ирц хүрэхгүй, ажлын эрч багасаж байгаа тул гишүүдийг цөөлж долоо болгохыг хүсэв.
Мөн тэрээр Хуулийн төслийг нэгдсэн системд холбох техникийн боломж бүрдсэн гэдгийг тодотгоод, уг цахим системийг танилцуулах цаг гаргаж өгөхийг хүслээ. Энэхүү системээр, хэлэлцэж буй хуулийн төсөлд эрх бүхий албан тушаалтнууд холбогдох саналаа өгөх боломж бүрдэнэ гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Болд, Хүний эрхийн 18 дугаар илтгэл хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй байгааг хэлээд, энэхүү асуудлыг анхаарал татаж байгаа, хүний амь нас яригдаж байгаа энэ үед хэлэлцэхийг хүсэв. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял эдэлж байгаа Т.Чимгээ Ц.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар бүх холбогдох байгууллага дүгнэлтээ гаргасан. Тиймээс УИХ-ын тогтоол гаргаж, дээрх эрүүдэн шүүлгэсэн хүмүүсийг суллах арга хэмжээг авах хууль эрхзүйн орчин бүрдсэн гэдгийг хэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар, энэ асуудлаар ирэх долоо хоногт ХЗБХ, НББСШУБХ хамтран нээлттэй сонсгол хийхээр төлөвлөсөн гэдгийг тайлбарлав. Мөн энэ асуудалтай холбогдуулан Хүүхдийн хүчирхийллийн талаар мөн нээлттэй сонсгол хийхээр төлөвлөснийг онцлов. Тэрээр, "Тогтвортой хөгжлийн зорилт 2030"-аар ОУПХ-ны хурал Монгол Улсад энэ сарын 27, 28-нд болно гэлээ. Хорт хавдарын асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад нэмэхийг холбогдох хүмүүстэй хэлэлцэж, судална гэдгээ хэллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ өдөр түүхт дэлхийн хоёрдугаар дайн дуусаж, фашизмыг ялсны 74 жилийн ой тохиож байгааг тодотгоод, ойн хүрээнд өнөөдөр улаан талбайд монгол хүүхдүүд ая дуу өргөж байгааг онцолж, нийт гишүүд, ард түмэндээ монголчуудын оролцсон энэхүү ялалтын баярын халуун мэнд дэвшүүлэв.
Чуулганы хуралдаан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.