АНУ, ОХУ Сирийн асуудлаар хамтран ажиллахаар тохиролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-25 14:20:23

МОСКВА. /NHK/. Сирид улс төрийн шилжилт хөдөлгөөн хийж, шинэ Үндсэн хууль батлах ажлын суурийг наймдугаар сард багтаан тавихаар АНУ, ОХУ тохиролцлоо.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өчигдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзсаныхаа дараа тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсан байна.

Суудлаасаа огцрохыг Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадад ОХУ уриална гэж найдаж байгаагаа Керри илэрхийлжээ.

Сирийн ард түмэн удирдагчаа өөрсдөө сонгох ёстой гэсэн байр сууриа ОХУ хадгалж байгаа ч гэсэн Сирийн энхийн хэлэлцээний зарчмуудыг биелүүлэхийг бүх талд уриалахад АНУ-тай хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Сирийн Засгийн газрыг эсэргүүцэгч хүчнүүд Асадыг суудлаасаа огцрохыг шаардаж байгаа билээ.

Харин “Лалын улс” бүлэглэл Сирийн иргэний дайны завшааныг ашиглан, хүчнээ өргөжүүлж байна. Тус бүлэглэл Европт болсон хэд хэдэн террорист халдлага, тэр дундаа, Бельгид болсон халдлагыг үйлдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ