Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-09 12:37:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Д.Занданбатыг томилов.


Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл олгосон гэх асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа өгөхийг УИХ-ын дарга асан М.Энхболд өнгөрсөн намрын чуулганы үеэр шаардсан. Энэ дагуу ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар албан тушаалын бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ ноднин 11 дүгээр сарын 19-нд УИХ-д ирүүлсэн. Ингэснээр ноднин 11 дүгээр сарын 21-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлээд байсан юм.



Томилох, чөлөөлөх асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Тэрээр, Ерөнхий аудиторын бүрэн эрхэд хамаарах аудитын тайланг баталгаажуулах үүргийг хэрэгжүүлэхгүй, хууль зөрчих нөхцөл үүсээд байгаа тул төрийн аудитын байгууллагын ажлыг хэвийн явуулах зайлшгүй шаардлага бий болсныг онцолсон.  Тэрээр, Д.Хүрэлбаатарыг АТГ-аас шалгаж байгааг бичгээр мэдэгдсэн гэж танилцуулгадаа дурдав. Тиймээс Д.Хүрэлбаатарт ёс зүйн хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Д.Занданбатыг томилуулах саналаа танилцууллаа.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, тайлбар авав.


УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, нэр дэвшигч Д.Занданбатыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, "Аудитын байгууллага хөндлөнгийн хяналт тавих ёстой. Тиймээс гүйцэтгэх засаглалаар ажиллаж байсан хүн сонгох нь зохимжгүй байдаг гэж боддог. Танилын нүүр халуун гэдэг. Гэхдээ нэр дэвшигч маань сайн ажиллана гэдэгт итгэж байна" гэлээ. Тэрээр, мөн төсвийн байгууллагын гадаад томилолтын асуудал үр дүнгүй байгааг хэлээд, энэ асуудалд аудитын байгууллага анхаарч, төсвийн үргүй зардлыг таслан зогсоох ёстой" гэв.


Нэр дэвшигч Д.Занданбат, "Миний гүйцэтгэх засаглалд ажиллаж байсан туршлага аудитын ажил хийхэд зохих хэмжээнд хамааралтай. Үндэсний аудитын байгууллага бол төрийн тусгай, мэргэжлийн боловсон хүчинтэй байгууллага. Ерөнхий аудиторын хувьд тухайн байгууллагын ажлыг зохион байгуулах, эцсийн дүнг баталгаажуулах үүрэгтэй. Үүнд хөндлөнгийн нөлөө гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Харин гадаад томилгооны зардлын үр өгөөжийг сайжруулж, гадны орны туршлагыг нэвтрүүлж, хариуцлагатай, хичээж ажиллах болно" гэв.


УИХ-ын гишүүн О.Батнасан, санхүүгийн мэргэжилтэй хүн нэр дэвшиж байгааг дэмжиж буйгаа илэрхийлэв.  Тэрээр, "Аудитын байгууллага бол УИХ-ын ажлыг хянадаг. Тиймээс үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж, улс төрөөс хараат бус, бие даасан байдлыг эрхэмлэж ажиллах хэрэгтэй" гэв.


Нэр дэвшигч Д.Занданбат, Статистик мэдээг харахад, аудитын зөрчил жил ирэх тусам тодорхой хэмжээгээр нэмэгддэг. Зөрчлийн хэрэгжилтийг хангах ажил сүүлийн хоёр жилд сайн байсан. Хяналтын ажлын гол зорилго нь давтан алдаа гаргахгүй байхад чиглэгддэг. Тиймээс Аудитын тодорхой стандартыг мөрдөх тал дээр анхаарч ажиллана" гэв.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн тайлбар хэлэв.  УИХ-ын өнгөрсөн намрын чуулганаар Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн. Тэрээр ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгагдаж байгаа юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн хуулиуд, Үндсэн чиглэлийг ирэх сарын 1-нээс өмнө аудитаар оруулж, хэлэлцсэн байх ёстой. Тиймээс Аудитын байгууллагын чиг үүргийг баталгаажуулах Ерөнхий аудиторыг томилох шаардлагатай болсон. Д.Хүрэлбаатар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа тул эргүүлэн томилох нь хууль эрх зүйн хувьд боломжгүй" гэв.


Ийнхүү санал хураахад, Д.Хүрэлбаатарыг Ерөнхий аудиторын албан тушаалаас чөлөөлөхийг гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ. Харин Д.Занданбатыг Ерөнхий аудитороор томилох санал хураахад гишүүдийн 83.3 хувь дэмжив. Ингээд УИХ-ын дарга Г.Занданшатар чөлөөлөгдөж, томилогдсон дээрх хүмүүсийн тушаалыг танилцууллаа.


Нэр дэвшигч Д.Занданбат 1967 онд төрсөн, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр, “Отгонтэнгэр” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, Монгол Улсын Эрдмийн их сургуулийг төрийн захиргааны менежментийн мэргэжлээр төгссөн, Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй аж. Тэрбээр, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст улсын байцаагч, Нийслэлийн татварын газарт улсын байцаагч, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, мөн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ.



Холбоотой мэдээ