Гамшгаас хамгаалах дадлага сургууль удирдлагын түвшинд команд штабын сургалтаар үргэлжиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-05-09 22:58:25

Дорноговь /МОНЦАМЭ/. Замын-Үүд суманд болж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургууль сумын Онцгой комисс, мэргэжлийн  ангийн удирдлагын түвшинд команд штабын дадлага сургуулиар үргэлжиллээ.

Штабын дадлага сургуулийн өгөгдсөн даалгаврын нэг нь тус суманд 6.5 баллын газар хөдлөлт болсон бөгөөд дахин давтамжтайгаар 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн.

Газар хөдлөлтийн уршгаар төмөр замын болон авто замын боомтын барилга байгууламж нурж боомтын орчимд химийн аюултай бодис ачиж явсан авто машин онхолдож, химийн бодис материал асгарсан төдийгүй нутгийн удирдлагын ордон сургууль цэцэрлэг, сурагчдын дотуур байр, уурын зуух барилга болон сумын нийт барилга байгууламжийн 40 хувь нь нурсан зэрэг гамшиг тохиолдсон үед бэлэн байдлыг хэрхэн хангах, үүссэн нөхцөл байдалд бодит үнэлэлт дүгнэлт өгч ажиллах тухай байлаа.

Дадлага сургуульд оролцогчид болох хил, гааль, хилийн цэрэг, тѳмѳр зам, цагдаа, эмнэлэг, сургууль болон бусад байгууллагын удирдах албан тушаалтнууд баг болон ажиллаж гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах, сэргээн босгох ажиллагааг яаралтай зохион байгуулах, цагийн байдлыг зөв үнэлж шийдвэр гаргах чиглэлээр ажилласан юм.

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням "Штабын дадлага сургуулилтаар маш өндөр баллын газар хөдлөлтийн даалгавар өгсөн. Газар хөдлөлт бол том гамшиг. Ийм үед тухайн ажил хариуцсан байгууллагын удирдлагууд  юу хийж чадах ёстой вэ, цагийн байдлыг зөв үнэлж чадаж байна уу гэдгийг сургалтаар олж авч байна.

Жишээ нь 1500 хүн  бэртэж гэмтэж, зарим нь амь насаа алдлаа гэхэд эмнэлгийнхэн яаж ажиллах, бэртэж гэмтсэн хүнд хэрхэн эмнэлгийн тусламж үзүүлэх талаар ярилцаж байх жишээтэй.

Эхний үед оролцогчдын зарим нь асуудлыг хийсвэрээр сэтгэж бодит байдлыг үнэлж дүгнэхдээ тааруу байсан боловч  дадлага сургалтын явцад багаар ажиллаж, цагийн байдлыг зөв үнэлж, тодорхой шийдэлд хүрч ажиллаж байгаа нь мэдрэгдсэн.

Цаасан дээр төлөвлөж олж авсан дээрх дадлага ажил, мэдлэг мэдээллээ маргааш болох сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх, газар хөдлөлтийн дадлага сургууль, химийн бодисын ослын үед авах хариу арга хэмжээний дадлага, хээрийн хүн эмнэлгийн  дадлага сургуулийн үед туршиж ажиллана.

Дадлага сургуулийн хамгийн чухал зүйл нь гамшиг осол тохиолдсон үед үүссэн нөхцөл байдалд хэрхэн ажиллах, цагийн байдлыг зөв үнэлж дүгнэх арга ухаанд суралцах явдал" гэв. Дадлага сургууль тавдугаар сарын 10-нд иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлаар үргэлжилнэ.


Холбоотой мэдээ