Б.Явуухулан агсны мэндэлсэн бууцанд яруу найргийн наадам болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-10 15:35:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорнын их яруу найрагч, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойгоор Завхан аймагт "Очирваанийн эх эгшиглэн" яруу найргийн наадам болно. Мөн Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн 70 жилийн ойг хамтатган тэмдэглэнэ. Ойг тэмдэглэх ажлын хэсгийн гишүүн, Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгч, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, залуу яруу найрагч Б.Баяржавхлантай ярилцлаа. 


-         -Б.Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан яруу найргийн том наадам хийх бэлтгэл хэр хангагдаж байна. Наадам хэзээ болох вэ?

-         -Их найрагчийнхаа мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг ажлаа жигдрүүлж явна. Ойн үйл ажиллагаа гурван сарын 15-нд төрсөн өдрөөр нь эхэлсэн. Б.Явуухулан агсан Хүүшийн өвөлжөө гэдэг газраасаа арай зайтай хаварждаг байсан Ар амны тасархай гэдэг газар 1929 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн юм билээ. Яг энэ бууцан дээр нь 90 жилийн ойн яруу найргийн наадмаа хийнэ. Энэ наадамд зориулж аймгийн төсвөөс 50 сая төгрөг баталж өгсөн. Уг наадмын гол шагнал болох 10 хутагтын хишигт яруу найрагчийг тодруулан шагнахад  энэ төсвийн хөрөнгө зарцуулагдана. Мөн алдар цолтой зохиолч, яруу найрагч, зочдын хүлээн авалт, үйлчилгээнд ч дээрх төсөв орж байгаа. Үүн дээр хишигт найрагчдын шагналыг ивээн тэтгэх, ой тойрсон үйл ажилд туслах байгууллага, хувь хүний хандив бидэнд хэрэгтэй байна. Одоогоор энэ бүхнийг нэртэй, устай нь бүртгэн авч, хамтран ажиллахад бид бүрэн нээлттэй байгаагаа дуулгая. Бид ойн ажиллагаанд оролцуулах хоёр  төрлийн урилга бэлдлээ. Юуны өмнө хүндэт зочдын урилга онцлох урилга болно. Хоёр дахь урилга бол хишигт яруу найргийн наадамд оролцох эрхээ авсан 36 яруу найрагчийн урилга юм. Энэ урилгыг уралдаанд оролцож шүлгээ унших эрх авсан найрагчдад тусгайлан олгоно. 


-         Хүндэт зочдын урилгыг яг ямар хүмүүст хүргэж байгаа вэ?

-        - Ой зохион байгуулах ажлын хэсгийн чиглэл болгосноор Төрийн шагналт, Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн  болон өндөр настан ахмадуудыг хүндэтгэн зочны урилгаа өгч байна. Мөн үүний дотор “Болор цом”-ын эзэд, өмнөх наадмын хутагтын хишигт шагнал хүртсэн яруу найрагчид орж байгаа. Ингэснээр нийтдээ 100 гаруй зохиолч, яруу найрагчийг ойдоо оролцуулахаар болоод байна.

-         Ойд оролцох зочин шүлгээ уралдуулж болох уу?

-         Удирдамж ёсоор бол заавал урилга гэхгүйгээр шүлэг, номоо өгч оролцох боломжтой. Урилга тусгайлан авсан зочин ч шүлэг бүтээлээрээ оролцож болно. Үүнийг тодотгохгүй бол зочны урилгаар шууд шүлгийн наадамд оролцоно гэж ойлгоод байгаа. Ийм зөрүүтэй ойлголт байж болохгүй. Мөн монгол туургатны төлөөлөл болох ОХУ-ын Тува, Халимаг, Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ы 5 зохиолчийг шүлэг унших эрхтэйгээр оролцуулж байгаа юм.

-         Яг ойгоор нь хаана, юу болох вэ?

-         -6 дугаар сарын 4-нд Улаанбаатар хотоос нэгдсэн унаагаар ойд оролцох зочин зохиолчдоо авч явна. 5-ны өглөө Загастайн даваан дээр тосож авна. Тэгээд Б.Явуухулан найрагчийн төрсөн бууцанд хүргэнэ. Зочдын өргөө, үйлчилгээг хариуцсан том баг ажиллана. Манай энэ багт Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Улиастай сумын Засаг даргын Тамгын газар, Алдархаан сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театр, сургууль цэцэрлэг,  номын сан, музейн албан хаагч, ажилчид оролцон үйлчлэх юм. Их найрагчийн төрсөн бууц Ар амны тасархайд 6-ны өдөр наадмын нээлт, тусгай хөтөлбөрийн ажиллагаа болж, орой нь Хөгжимт драмын театрт "Хутагтуудын хишигт яруу найраг"-ийн хоёр дахь шатны шалгаруулалтаар шилдэг шүлгийн эздийг тодруулна. Арван хутагтын хишигт  цол, өргөмжлөл хүртсэн найрагчдын шагналыг гардуулах ёслол болно. Ивээн тэтгэгчдийн шагналыг ч энэ үеэр гардуулна. Мөн “Мөнгөн жүнзний ёслол” хийнэ.

-”Мөнгөн жүнзний ёслол” гэдэг ямар учиртай юм бэ?

-Аймгийн алдартны музейд Б.Явуухулангийн танхим байдаг. Энэ танхим дотор байдаг Явуу найрагчийн дөрвөн мөнгөн хундага бий. Энэ хундаганаас музейг үзсэн зочин, яруу найрагчийн шавь, зохиолч гээд хэн дуртай нь сархад хийж хүртдэг болчихсон. Тиймээс энэ явдлыг журамлаад нэрт яруу найрагч, ахмадууд болон шагнал хүртсэн хүнийг мөнгөн хундагаас хүртэх эрхтэй болгоод байгаа /инээв/. Манай аймаг ч сүүлийн үеийн томоохон тэмдэглэлт баяр, наадмын үеэр зочид, төлөөлөгчдийг “Сүүгээр угтаж, сүүгээр үдье” уриатай хүндэтгэл үзүүлдэг болсон. Энэ дэг ёсоо энэ үеэр бид барина.

- Завханд очсон  хүн бүхэн Очирваань хайрхнаасаа адис хүртэхийг хүсдэг. Энэ наадмаар ч энэ ёсыг гүйцээх биз ээ?

- 7-ны өдрөө Завханы оргил сүмбэр болсон “Таван булгийн хяр” гэдэг өндөрлөг дээр очиж “0чирваань хайрханд сүслэх ёслол” хийнэ. Тэр өдрийн тэнгэр ивээж, их хайрхан минь Монголын утга зохиолын зочдыг ивээл авшигтаа авна гэдэгт найдаж байна.

- Их найрагч Б.Явуухулангийн нутгийн зохиолчдын анхны  тулгын чулууг тавьсны 70 жилийн ойг энэ үеэр тэмдэглэнэ гэсэн үү?

- Тийм ээ. Манай Завхан аймгийн утга зохиолын анхны галыг бадраасан дугуйлан 1949 онд байгуулагдсан юм билээ. Энэ дугуйланд 1944 оноос эхлээд шүлэг зохиол оролдож байсан сургуулийн сурагч, хэл уран зохиолын багш зэрэг хүмүүс аймагтаа хүрэлцэн ирж, долоо хоногт нэг удаа уран зохиолоо ярьж дугуйрдаг байсан байна. Улиастайн бага сургуулийн хэл уран зохиолын багш Хайдав удирддаг байв. Үүсгэн байгуулагчдын нэг нь хөдөлмөрийн баатар, гавьяат багш Дорлигийн Дагва, зууны шилдэг романч Жигжидийн Бямбаа нарын нөлөөгөөр утга зохиолын дугуйлан өргөжжээ. Нутгийнхаа энэ дугуйланг өргөжин тэлэхэд, уран зохиолын нөлөөг нэмэхэд Төрийн шагналт Б.Явуухулан, МУСГЗ Даг.Жамьян нар их тусалсан. Мөн утга зохиолын дугуйлангаас нэгдэл болоход нэр нүүр болж удирдан залж байсан Д.Самдан, С.Товуудорж, Н.Лутбаяр, МУГБ Ж.Алтангэрэл, МУСГЗ, зохиолч, хутагт судлаач П.Батсайхан нарын зүтгэлийг ч онцлон хэлэлтэй. 70 жилийнхээ ойг их найрагчийнхаа ойтой хамтатгахын зэрэгцээ нэгдлийн тусдаа ажил болгож төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ ойгоо угтаад Завханы зохиолчдын нэгдсэн бүртгэлийг гаргалаа. Утга зохиолын нэгдлийн түүхийг бичиж, Завханы зохиолчдын шилдэг бүтээлийн түүврийг хэвлэлд бэлтгэж байна. Завханы зураачдын бүтээлээр үзэсгэлэн гаргана. 

- Завханыхан ч алдартай найрагч, зохиолч олонтой. Сүүлийн үед ч Төрийн шагналт Ц.Бавуудорж, Б.Цэнддоо гээд тодроод байгаа. Мөн "Болор цом" шагналыг яруу найрагч Б.Баттулга хүртлээ. Одоогоор нутаг усандаа ямар яруу найрагч, зохиолч тодорч байна вэ?

- Алдарт Л.Ванган, Б.Явуухулан гээд Монголын ард түмэн андахгүй. Орон нутагтаа бүтээлээ туурвиад даруухан амьдарч яваа хүмүүс нэлээд бий. МЗЭ-ийн шагналт Х.Лхасүрэн ах бол нутагтаа л сууж зохиолоо бичдэг. Түүнийг залгаад  МЗЭ-ийн гишүүн Л.Энхсайхан, яруу найрагч Ц.Төмөрхуяг, залуу зохиолч Э.Пагма, А.Бөхням, Б.Туяацэцэг, Т.Амар-Амгалан гээд үзэг нэгт нөхөд маань 70 жилийн ойдоо олон бүтээлээр бэлэг барьж байгааг дуулгая.  Монголын нэрт зохиолч, яруу найрагчидтайгаа их Явуугийн 90 жилийн ойгоор уулзаж, уран бүтээлийн олзоо хуваалцах боломж манайханд олдоно гээд баярлаж суугаа. Эдгээр ойн дараа бидний бүтээл улам баяжин, номын буян хишиг дэлгэрэх байх гэж найдаж байна.

Энэ дашрамд дуулгахад, бидэнтэй утга зохиолын ертөнцөд дөрөө нийлэн явж, сэтгэл зүрхээрээ байнга дэмждэг аймгийн “Боролдой” номын дэлгүүрийн эрхлэгч Н.Норжмаа, зураач М.Анхцэцэг, Боловсрол соёлын газрын мэргэжилтэн М.Цэрэнбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамц, Холбооны ерөнхий инженер Ц.Эрдэнэсайхан, МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч, сэтгүүлч Б.Мягмарсүрэн, “Шинэ Завхан” телевизийн хамт олон дээрх ажилд хамтран ажиллаж байгаад баярлаж байгаагаа хэлье. 


-Удахгүй цэцэг ногоо дэлгэрсэн зуны дунд сараар Очирваань хайрхан, их хутагтуудын өлмий дор ахин уулзаж, яруу найргийн гэрэлт наадмын сонин сайхныг дахин хөөрөлдөе гэсэн ерөөлөөр энэ ярилцлагаа жаргаая. Та бүхний бүтээх үйлс дэлгэрэх болтугай

-Баярлалаа. Цаг гаргаж, хөдөөгийн уран бүтээлчээс яриа авч, олны дэмээр зохион байгуулж буй ажлыг дэмжиж байгаа бүх хүмүүст гялайлаа.

Холбоотой мэдээ