АНУ Ираны компаниуд, хувь хүмүүст хориг арга хэмжээ авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-25 17:01:34

ВАШИНГТОН. /NHK/. Ираны баллистик пуужингийн хөтөлбөрт дэмжлэг үзүүлж байгаа тус улсын аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүст нэмж хориг арга хэмжээ авлаа гэж АНУ мэдэгдэв. Иран энэ сарын эхээр хэд хэдэн баллистик пуужингийн туршилт хийсэн билээ.

Ираны хоёр компанийг хориг арга хэмжээний жагсаалтад оруулж, тэдний АНУ дахь хөрөнгийг битүүмжилж, санхүүгийн байгууллагуудтай хийх гүйлгээг нь хаасан гэж АНУ-ын Сангийн яам мэдэгджээ.

Мөн Их Британи болон Арабын Нэгдсэн Эмирт Улсад төвтэй компаниуд болон хувь хүмүүст хориг арга хэмжээ авчээ. Эдгээр компани, хувь хүн нь АНУ-ын хориг арга хэмжээний жагсаалтад орсон Ираны агаарын тээврийн компанид дэмжлэг үзүүлж байна гэж Сангийн яам мэдэгдэлдээ дурджээ.

Долдугаар сард “5+1” бүлэг Ирантай цөмийн гэрээ байгуулж, тус улсад авсан хориг арга хэмжээгээ цуцалсан билээ. Гэвч Ираны Хувьсгалт гвард энэ сарын эхээр хоёр өдөр дараалан баллистик пуужингийн туршилт хийсэн байна. Энэ туршилт НҮБ-ын тогтоолыг зөрчиж байна гэж АНУ болон Өрнөдийн орнууд үзжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ