Сүүлийн 23 жилд сураггүй болсон 20 хүүхдийг олоогүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-10 16:17:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар” УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас ХЗДХ-ийн сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонслоо.


Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Мөнгө угаах, хүний наймаа, хар тамхи болон цахим гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ” хэмээн заасан. Энэ дагуу ХЗДХЯ-наас Хүн худалдахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэмт хэргийн хохирогчийг хамгаалах цогц үйлчилгээг бий болгох, урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Хүн худалдахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байна.

Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах санд сүүлийн 23 жилийн хугацаанд 1376 хүүхэд алга болсон бөгөөд үүнээс 1353 хүүхдийг олсон бол 20 нь одоог хүртэл сураггүй байгаа юм. Түүнчлэн цагдаагийн байгууллагад 2018 оны эхний 9 сард хүн худалдаалах гэмт хэрэг бүртгэгдсэнийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулав.


Тоон мэдээллийг хүснэгтээр харуулбал:



Цаашид хүн худалдах, бэлгийн мөлжлөг, албадан хөдөлмөрлүүлэх гэмт хэргийн хохирогчийг хамгаалах цогц үйлчилгээг бий болгох, хохирогчдыг эргэн нийгэмшүүлэх, мэргэжлийн сургалтад хамруулах ажлыг эрчимжүүлэх, хүүхдийг хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгт өртөхөөс сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн багш, нийгмийн ажилтнуудыг сургах шаардлагатай байгаа аж. Мөн хүн хулгайлах, бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөг, өөр бусад эрсдэл, гэмт явдлаас өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох сургалтын агуулгыг ЕБС-ийн сурагчдын насны онцлогт тохируулан иргэний боловсрол хичээлийн агуулгад тусгах шаардлагатай байгааг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж онцолсон юм.


Танилцуулгын дараа гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хилийн чанадад биеэ үнэлдэг монгол эмэгтэйчүүдийг эх оронд нь эгүүлэн авч ирэх, дахин ийм үйлдэл гаргахгүй байх чиглэлд ямар ажил өрнүүлж буйг тодрууллаа. Мөн орон гэргүй буюу тэнэмэл амьдралтай хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хар тамхитай тэмцэх чиглэлд хэрэгжүүлж буй ажлын талаар асуув.


Өнгөрсөн таван жилийн хугацаанд бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдыг хил дамнан худалдсан 49 гэмт хэргийн улмаас 138 хүн хохирсон гэсэн тоон мэдээллийг цагдаагийн байгууллагын мэргэжилтнүүд онцлов. Мөн цагдаагийн байгууллагаас гадаад орнуудын хуулийн байгууллагуудтай хамтран бэлгийн мөлжлөгт өртсөн иргэдийг эх орондоо эгүүлэн авч байгааг мөн онцолсон юм. Түүнчлэн ноднин хар тамхи борлуулсан, хэрэглсэн, хадгалсан 14 гэмт хэрэг гарсан бөгөөд 20 хүүхэд холбогдсон байна. Харин хараа хяналтгүй буюу тэнэмэл амьдралтай хүүхдүүдийг цагдаагийн байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд улирал тутамд бүртгэдэг байна. 2017-2018 онд тэнэмэл амьдралтай 74 хүүхэд байсныг гэр бүлд нь хүлээлгэн өгчээ.


Мөн үеэр Т.Аюурсайхан гишүүн, “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах асуудал бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдэл. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг мөрдөх, илрүүлэх ажиллагаанд тагнуулын байгууллага оролцдог байх нь чухал. Цаашдаа боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, нийгмийн хамгааллын бодлогыг цогцоор нь шийдвэрлэж, эдийн засгийн өсөлтийг иргэн бүрт хүргэснээр гэмт хэрэг гарах суурь үгүй болно” хэмээв.

Холбоотой мэдээ