“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал” үндэсний хөтөлбөр батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-12 19:07:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал” үндэсний хөтөлбөр батлав.


Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг жил бүрийн батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэх, шаардлагатай нэмэлт санхүүжилтийг олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар шийдвэрлэж байхыг сайд Д.Сарангэрэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.


Хөтөлбөрт :


-  Ажлын орчин нөхцөлийг сайжруулж, эрүүл мэндийг хамгаалах


-  Ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх


-  Бодит орлого, ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх


- Нийгмийн хамгааллын чиглэлээр нотолгоонд суурилсан шийдвэр гаргахыг дэмжиж, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн дөрвөн чиглэл, 46 үйл ажиллагааг тусгажээ.


Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын орон сууц, ажлын нөхцөл, сургалт, хөдөлмөрийн аюулгүй байдал зэргийг шат дараатай шийдэх энэ хөтөлбөрийг 2019-2023 онд таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.


Манай улсад 52 мянга гаруй эрүүл мэндийн ажилтан байгаагийн 93 хувь нь эрүүл мэндийн салбарт ажилладаг. Нийт ажилтны 82 хувь нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа гарчээ.


2018 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хийсэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 20 хувь нь орон сууц болон хувийн тохилог орон сууцанд, 59.2 хувь нь хашаа байшинд, 15.2 хувь нь гэрт, 5.4 хувь нь түрээсийн байранд амьдардаг гэж хариулсан байна. Мөн судалгаанд оролцогчдын 10.3 хувь нь орон сууцны зээлтэй бөгөөд 42 хувь нь түрээсийн орон сууцанд, 87.4 хувь нь орон сууцны ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ илэрхийлжээ.


Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ


Энэ жил улсын хэмжээнд 387 мянган га-д үр тариа, үүнээс 368 мянган га-д улаанбуудай, 32 мянган га-д малын тэжээл, 29 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 478 мянган га-д тариалалт хийнэ.


  Ингэснээр 508 мянган тонн үр тариа, үүнээс 487 мянган тонн улаанбуудай, 64 мянган тонн тэжээлийн ургамал, 24 мянган тонн тосны ургамал, 166 мянган тонн төмс, 107 мянган тонн хүнсний ногоо хураан авна гэж төлөвлөж байна. Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээний 60 хувийг дотоодоос хангах боломжтой гэж үзжээ.


14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж, иргэн үр тариа, тос, тэжээлийн таримал, 490 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалт эрхлэхээр бэлтгэлээ хангаж байна.

Холбоотой мэдээ