Аймгийн төвд 12500 ширхэг гоёлын мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-05-13 00:11:55

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг Дархан-Уул аймагт 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа. "Хүн бүхэнд цэвэр агаар, мод бүхэнд ус" уриатай бүх нийтийн мод тарих өдрөөр Дарханчууд 25 дугаар хороололд болон Морин хуурын цогцолборын зүүн энгэр дэх хоёр га талбайд 10 гаруй нэр төрлийн 12500 ш гоёлын мод тарьсан юм. 
Мод тарих үйл ажиллагаа Морин хуур цогцолборын тохижилтын 2 га талбай, Дархан сумын 9,10 дугаар баг, Хараа голын эрэг, их, дээд сургуулиуд, ЕБС- СӨББ-ын орчим гэсэн газарт нэгдсэн журмаар нэг цагт эхлэн мод тарих үндэсний өдөрт иргэд нэгдлээ.

Энэ удаагийн мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Насанбат, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Хаянхярваа нар оролцсон аж.

Түүнчлэн Дарханчуудын шинээр байгуулж буй цэцэрлэгт хүрээлэнд "Чингис хаан" хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайхан хүрэлцэн ирж мод тарьсан нь олны таашаалыг ихэд хүртжээ.

Төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож цөлжилт тоосжилтоос байгаль дэлхийгээ хамгаалахаас гадна иргэд өөрсдийн санаачилгаараа мод худалдан авч гэр бүлийн төгөлөө тус цэцэрлэгт хүрээлэнд байгуулах санаачилгыг өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжүүлсэн нь энэ жил ч мөн үргэлжиллээ.

Мөн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дархан-Уул аймагтаа 4500 ширхэг нарс, голт бор, шар хуайс, хайлаас, далан хальс зэрэг 5 төрлийн мод хандивласан аж. Түүний төлөөлөл болгон аймгийнхаа төрөх эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж 1000 хайлаас, 50 ширхэг модыг Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудын хамт тарьжээ.

 

Холбоотой мэдээ