Дадал сумын нисэх буудлыг олон улсын стандартад нийцүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-05-15 14:18:59
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Дадал суман дахь Дэлүүн Болдог нисэх буудлыг олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатайг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тус суманд ажиллах үеэрээ онцоллоо.
Өнгөрөгч онд ИНЕГ-ын Залуучуудын холбооноос санаачлан уг нисэх буудлыг тохижуулсан бөгөөд Засгийн газраас дээрх бүс нутгийг “Түүхэн аялал жуулчлалын бүс” болгон зарласантай холбогдуулан ийнхүү үзэж буйгаа илэрхийлэв.
Энэхүү нисэх буудал нь 1960 онд Дадал сумын төвд Ус цаг уурын байранд байрлаж, холбоочны нэг орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. 1970-1992 онд АН-2, АН-24 агаарын хөлгөөр зорчигч тээвэр, ачаа тээш, шуудан, түргэн тусламжийн үүрэг гүйцэтгэн үйлчилж байсан ба 1992-2000 онд Ю-12 агаарын хөлгөөр Улаанбаатар-Өндөрхаан-Биндэр-Дадал чиглэлд тогтмол нислэг үйлдэж байжээ. 2004 онд нисэх буудлын барилгыг шинэчилсэн бөгөөд нэгэн зэрэг дунд оврын нэг агаарын хөлөг, хоёр нисдэг тэрэг хүлээн авч, 30-50 хүнд үйлчлэх хүчин чадалтай болгон өргөжүүлсэн байна.
Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд аймаг тус бүрийн зорчигч урсгал, газарзүйн байршил, хүн амын нягтаршил, авто замын сүлжил зэрэг хүчин зүйлүүдийг судалж, бага оврын агаарын хөлгийн шаардлагатай хөөрч, буух зурвас байгуулах газарзүйн байршлыг тогтоох судалгаа хийсэн бөгөөд Хэнтий аймгийн Дадал суманд буух зурвас байгуулах нь нийгэм эдийн засгийн хувьд үр ашигтай гэж тооцоолсон аж.
Үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг судалж үзэж, шийдвэрлэх талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй санал солилцлоо.
Холбоотой мэдээ