“Эфирийн тос”-ны төсөл шилдгээр шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. "Монголын инновацын 7 хоног”-ийн хүрээнд ШУА, БСШУСЯ, “Стартап Монгол” ТББ хамтран “Эрдэм хакатон 2019” тэмцээнийг өнгөрсөн 7 хоногт зохион байгууллаа.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд инновацын соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх инновацын түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн энэхүү тэмцээнд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний
байгууллага, аж, ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдсэн 11 баг өрсөлдөж, сургалт, үйл
ажиллагаанд амжилттай оролцож шилдэг бизнес төслөө шалгаруулав.
Тэргүүн байрт эх орны түүхий эдээс хими болон биологийн
онцлог идэвхийг тодорхойлсон “Эфирийн тос” үйлдвэрлэх, тэдгээрийг агуулсан шинэ
жор технологи бүхий бүтээгдэхүүн гарган авах төсөл шалгарлаа.
Дэд байрт “Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх
биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн” болон “Хэнтийн уулсын
дүлий мөөг”-ийг эмийн болон хүнсний зориулалтаар тарималжуулж,
биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмийн түүхий эд үйлдвэрлэх төслүүд тус
тус шалгарав.
Шалгарсан багуудын бизнес төслийг гарааны бизнесийг дэмжигч,
хөрөнгө оруулагчид болон “M-Space” хамтын оффис дэмжин ажиллахаа мэдэгджээ.