Энэтхэгийн тэргүүлэх компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-13 16:41:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд анх удаа зохион байгуулж буй Энэтхэг-Монголын газрын тос, байгалийн хийн салбарын үзэсгэлэнг өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд нээв.


Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын гишүүн Л.Болд болон манай оронд суугаа зарим Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцов.

Тус үзэсгэлэнг Энэтхэг улсын Засгийн газраас олгож буй нэг тэрбум гаруй ам.долларын хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах анхны үйлдвэрийг барих ажилтай холбогдуулан тус улсын ЭСЯ Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК болон Энэтхэг улсын Газрын тос, байгалийн хийн яамны харьяа “Инженерс Индия Лимитед” компани хамтран зохион байгуулж буй юм.


Үзэсгэлэнгийн нээлтэд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар үг хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэх, төслийн явцыг эрчимжүүлэхээр үйлдвэр барихад шаардлагатай дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг 2018 онд эхлүүлж, одоогоор ажлын явц 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Саяхан Засгийн газраас тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын шатанд ажиллах ажилтнууд болон цаашид үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэхээр 550 айлын орон сууцны хотхоныг Дорноговь аймгийн Сайншанд суманд байгуулахаар шийдвэрлэсэн. Хотхоны бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөж байна. Бид төслийн НТЭЗҮ-ийг хүлээн авсан бөгөөд төслийн менежментийн зөвлөхөөр шалгарсан Энэтхэгийн компанитай гэрээ байгуулах ажил ид өрнөж байна. Зөвлөхтэй гэрээ байгуулснаар төслийн дараагийн үе шатны ажил болох үйлдвэрийн зураг төсөл, барилга угсралтын ажлыг цаг алдалгүй эхлэх болно. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой бөгөөд энэхүү төсөл нь хоёр улсын хоорондын нөхөрсөг харилцааг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. 


Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх, “Монголд газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлснээр манай стратегийн түнш, гуравдагч хөрш орон болох Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт бид гүнээ итгэж байна. Төслийг дагаад олон салбар хөгжих нь дамжиггүй. Цаашид хоёр орны соёл, батлан хамгаалах, боловсрол, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх хамтын ажиллагаа улам гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.


Үзэсгэлэнд Энэтхэг улсын Тата групп, Афконс Лимитед, ISGEC Индастри, Инженерс Индиа Лимитед зэрэг тэргүүлэх техник, технологи бүхий тоног төхөөрөмж, барилга угсралтын төрийн болон хувийн хэвшлийн томоохон 30 гаруй компани оролцож байна.


Тухайлбал, “Тема Энэтхэг” компани сүүлийн 30 жилийн турш 9000 гаруй дулаан солилцогч хоолой болон бүрхүүл нийлүүлсэн бөгөөд газрын тос, эрчим хүч болон химийн аж үйлдвэрүүдэд чиглэн ажилладаг аж.


Тус компанийн захирал Ражеш Кулкарни хэлэхдээ, “Сүүлийн үед хөнгөн цагаан боловсруулах төслүүд болон уул уурхайн аж үйлдвэрүүдэд дулаан солилцогч хоолой нийлүүлэх захиалга авч байна. Манай тоног төхөөрөмжүүд олон төрлийн төмөрлөг болох титан, никел хайлш, зэвэрдэггүй ган, бага хайлштай ган болон бусад төрлийн нэгдлүүдийн агууламжтай. Монголд барих газрын тос боловсруулах үйлдвэрт дулаан солилцогч хоолой хэрэгтэй. Үүнийг зардал багатай, үр дүнтэй байх талд харилцагч, худалдан авагчтай түншлэл тогтоох зорилгоор Монголд ирсэн” гэв.


Үзэсгэлэнг зохион байгуулагчид албан байгууллага болон иргэдийг Газрын тос боловсруулах үйлдвэр, Энэтхэг улсын компаниудтай хамтран ажиллах боломжийг хайж энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Тус үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилнэ.


Дашрамд мэдээлэхэд, 1936 оноос тухайн үеийн ЗХУ-тай хамтран зарим бүс нутагт анхны газрын тосны хайгуулын цооногуудыг өрөмдөж, улмаар 1949 онд Монгол Улсын анхны газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орж байжээ. Тус үйлдвэр нь тухайн үеийн дотоодын хэрэгцээний 30 гаруй хувийг хангаж байсан. Тэр үеэс түүхийн хуудсаа эхэлсэн газрын тосны салбар эдүгээ стратегийн ач холбогдолтой салбарын нэг болсон бөгөөд Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмэр оруулж байгаа юм. Энэ онд Монгол Улсад анхны газрын тос боловсруулах үйлдвэр барьж ашиглалтад орсны 70 жилийн ой тохиож байна. 








Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ