Ургамал сумын төрийн албан хаагчид бүсдээ тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-05-15 09:53:01

Завхан /МОНЦАМЭ/. Завханы төрийн албан хаагчийн бүсчилсэн сургалт, тэмцээн амжилттай болж говийн бүсийн сумдаас Ургамал сумын төрийн албан хаагчид тэргүүлжээ.

Энэ жил гурав дахь удаагаа аймгийн хэмжээнд бүсчлэн зохион байгуулж байгаа тус арга хэмжээ нь сумдад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, туршлага судалж, суралцах боломжийг олгох, төрийн албан хаагчдын мэдвэл зохих дүрэм, журмаар тест шалгалтыг авч зөвлөмж хүргүүлдэг ажил юм.

Говийн сумдын бүсчилсэн сургалтад Алдархаан, Эрдэнэхайрхан, Яруу, Завханмандал, Дөрвөлжин Ургамал зэрэг зургаан сумын 126 төрийн албан хаагч оролцжээ. Энэ үеэр төрийн албан хаагчид мэдлэг ур чадвар, төрийн албаны стандарт, бодлогын баримт бичиг, албан хэрэг хөтлөлт, төрийн албаны тухай хууль, шинээр батлагдсан тогтоол шийдвэр, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний ёс зүйн дүрэм зэргээр тестийн шалгалт өгчээ.

Мөн холимог гар бөмбөг, буухиа, удирдлагуудын дунд сур харвааны тэмцээн болсноос гадна авьяаслаг төрийн түшээ нэртэй урлагийн тэмцээнүүд болжээ. Ийнхүү нийт оноогоороо Ургамал сумын төрийн албан хаагчид говийн бүсдээ тэргүүлж, цом мөнгөн шагналаар шагнуулжээ.

Сонирхуулахад, говийн бүсийн төрийн албан хаагчдын цогц сургалт, тэмцээнүүдэд Ургамал сум тэргүүн байрыг хоёр удаа хүртэж, дэд байрыг нэг удаа эзэлж байсан тухай Ургамал сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ