"Хүннү Дуурлигийн цэцэрлэгт хүрээлэн"-г барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-05-15 17:15:23

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол төрийн их хатдын нутаг Баян-Адарга суманд “Хүннү Дуурлигийн цэцэрлэгт хүрээлэн” барих, “Монгол Хатдын Өргөө” аялал жуулчлалын цогцолборыг өргөжүүлэх ажлыг ирэх оны төсөвт суулгахаар болжээ.

Мөн БСШУСЯ-наас 200 хүүхдийн ЕБС-ийн өргөтгөл барих ажлыг ирэх оны төсөвт суулгахаар болсон байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг тус суманд ажиллах үеэрээ ийнхүү шийдвэрлэжээ.

Баян-Адарга сум нь баруунаараа Биндэр, зүүн хойгуураа Дадал, зүүнээрээ Норовлин, урдуураа Батноров сумтай хиллэн 3021 ам км талбай бүхий нутаг эзлэн оршдог. Чингис хотоос хойш 154 км, Улаанбаатар хотоос 440 км зайтай.

Сум нь 2.4 мянган хүн амтай. Дуурлиг нарсанд орших “Хүннүгийн булш”-ийг улсын хамгаалалтад авсан. Нутгийн хойд хэсэг Онон Балжийн байгалийн цогцолборт газарт багтдаг. Хувийн хэвшлийн 16 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Сумын эдийн засгийн голлох салбар нь газар тариалан, худалдаа үйлчилгээ юм. Газар тариалангийн “Идэр-Онон” ХХК, “Мөнхийн Дуурлиг” ХХК зэрэг ААН тариалалт хийдэг ба нийт эргэлтийн талбай 3200 га байдаг аж.

Холбоотой мэдээ