Гэмт хэрэгтэй тэмцэхэд 790 гаруй хүний орон тоо шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-15 16:05:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо /ХЗБХ/-ны өнөөдрийн хуралдаанаар, С.Бямбацогт нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг хийв. 


Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай ажлын багийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомжийн хүрээг нарийвчлан уялдуулж, бусад хууль хоорондын хийдэл, зөрчлийг арилгасан. Тухайлбал, Үүнд Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль зэрэг 20 гаруй хууль тогтоомжид заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг уялдуулан зохицуулжээ. Энэхүү хуулийн төсөл нь гэмт явдлын шалтгаан нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлснээрээ онцлогтой. Нөгөө талаар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого төлөвлөгөөтэй болсон. Түүнчлэн төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тодотгосон гэдгийг танилцуулав.


Ажлын багийн санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэв. 


Гишүүд төслийн 5 дугаар зүйлээс “хуулийн этгээд бүр үйл ажиллагааныхаа хүрээнд гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан нөхцлийг тогтоох, арилгах, ажлыг хариуцан зохион байгуулах” гэсэн заалтыг хассан шалтгааныг тодруулав. Мөн  энэхүү  хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, хөрөнгө санхүүгийн тооцоог тодруулахын зэрэгцээ хяналтын камер байршуулах ажлын талаар лавлав. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Ажлын баг хуулийг хэрэгжүүлэхэд  шаардагдах хөрөнгө санхүү,  хүний нөөц, орон тоог нь давхар шийдэхэд анхаарах шаардлагатай" гэв. Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, “Хувь хүн, СӨХ, олон нийтийн байгууллагын хөрөнгөөр суурилуулсан дүрс бичлэгийн хяналтын хэрэгслийг орон нутгийн цагдаагийн байгууллагын мэдээллийн сүлжээнд холбох асуудлыг судалж, төсөлд энэ талаар шинэ заалт нэмж оруулах шаардлагатай” гэсэн санал гаргав. Төслийн 30 дугаар зүйлийн хуулийн этгээдийн нийтлэг үүргийн зохицуулалттай 5 дугаар зүйлийн 5.1.8 дахь заалт давхцаж байсан учраас дээрх заалтыг хассан гэж  УИХ-ын гишүүн Ц.Гарамцав хариулав. Мөн тэрбээр, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилт нь  Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн тодорхой төрлийн торгох шийтгэлийг биелүүлж, төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 40-өөс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөс бүрдэнэ гэж өөрчилсөн. Түүнчлэн өнөөдөр гэмт хэрэг, зөрчлийг хянан шалгадаг 30 гаруй байгууллага байгаа бөгөөд эдгээр байгууллага болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэгж байгууллагын ажиллах санхүүжилтээ бүрдүүлэх эрх зүйн орчин, мэргэшүүлсэн боловсон хүчин бэлтгэх асуудлыг хуулийн төсөлд  тодорхой тусгасан” гэв. 


Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хэв журмыг сахиулахад 790 гаруй хүний орон тоо шаардлагатай байгааг ажлын багийн гишүүд ярьж байв. Мөн Улаанбаатар хотод нийтдээ 3280 дүрс бичлэгийн камер суурилуулснаас 1200 орчим нь ажилладаггүй байна. Нөгөөтэйгүүр, цагдаагийн байгууллагад Мэдээлэл технологийн төв байгуулан ажиллаж байгаа ч хяналтын камерууд нь олон оронд үйлдвэрлэсэн, янз бүрийн стандарттай, харанхуй гэрэлтүүлэггүйн улмаас ажилладаггүй зэрэг асуудал багагүй хүндрэл үүсгэж байна гэсэн хариулж байв. 


Ингээд Ажлын хэсгээс уг хуулийн төслийн талаарх зарчмын эөрүүтэй 34, найруулгын шинжтэй 3, дагасан хуулийн төслийн талаарх нэг санал гаргасныг томьёолол тус бүрээр санал хураалт явуулсан.  Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ