Хүүхдийн хүчирхийллийн асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол болно

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.mn
2019-05-15 16:15:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах тухай тогтоолын төслийг батлахыг дэмжив.


Тогтоолын төслийг зорилго нь Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийг таслан зогсоох үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны ажлыг хянах, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, хөрөнгө зарцуулсан байдалтай танилцах нээлттэй сонсгол зохион байгуулах юм.


Ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 29-нд зохион байгуулах, ажиглагчаар 10 хүртэлх хүн оролцох, хуралдааны даргалагчаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг томилохоор тогтоолын төсөлд тусгажээ.  


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Батзандан нар асуулт асууж, хариулт авсны дараа Ерөнхий хяналтын сонсголын тов, ажиглагчийн тоог тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.


Мөн хуралдааны үеэр, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасан. Учир нь тус хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналд ажлын баг дахин хэлэлцэх шаардлагатай байгааг уламжилсан. Энэхүү саналыг гишүүдийн олонх дэмжсэн. 

Холбоотой мэдээ