Монгол Улсын 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-15 20:04:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн тайлан, өрийн удирдлагын 2019-2022 оны стратеги батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Дээрх хууль, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжив. 


Хууль, тогтоолын төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, “Монгол Улсын эдийн засаг 2020-2022 онд 6.3 хувиар өсөж, инфляцийн түвшин 8 хувьтай байна гэж тооцсон гэдгийг танилцуулав. Мөн гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай байхаар тооцжээ.  2020 онд төсвийн алдагдал ДНБ-ний эзлэх хувь хэмжээгээр -5.1 хувьтай байхаар тооцсон нь энэ оныхоос 0.3 функтээр сайжрах аж.


Засгийн газар 2021-2024 онд томоохон бондуудын өр төлж эхэлнэ. Энэ төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүй төлөх стратегийг боловсруулжээ. Уг эргэн төлөлттэй холбогдуулан төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнээс 2021 онд илүү сайжруулан, 2021 онд ДНБ-ий -2.8 хувь, 2022 онд -1.4 хувь, 2023 оноос эхлэн ашигтай байхаар тус тус төсөөлжээ. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах замаар макро эдийн засгийн жигд өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлогыг баримтлахаар тусгасан болохыг Сангийн сайд онцолсон юм. 


Дунд хугацаанд төрийн албан хаагчдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж, төсвийн тэгш бус хуваарилалтыг бууруулж, ил тод, шударга, оновчтой, үр ашгийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ хэмээн тэрбээр хэллээ. Түүнчлэн 2019 оны төсвийн тухай хуулиар батлагдсан 2020 онд шилжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг бүрэн санхүүжүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр барих ажлыг эхлүүлэхээр тусгасан байна.


Засгийн газрын 2019-2022 оны өрийн удирдлагын стратегийн баримт бичиг батлах тухай тогтоолын төсөлд ийг боловсруулжээ. Өмнөх өрийн удирдлагын дунд хугацааны стратеги 2018 оноор дуусгавар болж, тухайн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан 2019 онд гарсантай холбоотойгоор дээрх баримт бичгийг боловсруулсан хэмээлээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.


Тухайлбал, Засгийн газрын зүгээс 2021-2024 онуудад төлөгдөх нийт 2.9 тэрбум ам.долларын өндөр хүүтэй гадаад үнэт цаасны төлбөрийг төсөв болон эдийн засагт дарамт үүсгэхгүйгээр хэрхэн төлөх, иргэдийн орлого нэмэгдсэн хэмээн мэдээлж байгаа нь бодит байдалд хэр нийцэж байгааг тодруулсан. Сангийн сайдын мэдээлснээр, 2021 онд төлөх 500 сая ам.долларын өрийн 100-150 саяыг хуримтлалаас төлж, үлдэх хэсгийг дахин санхүүжүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөж буй аж. Үүний тулд зарим гэрээ хэлцэл хийгдэж байгааг тэрбээр дурдаад, ингэснээр ханшид сөрөг нөлөө үзүүлэхгүй, төсөв, эдийн засагт дарамт үүсэхгүй хэмээн тооцоолж буйг дуулгасан. Ингэснээр өрийн хэмжээ тогтвортой буурч, өрийн дотор чанарын өөрчлөлт гарахаас гадна, ДНБ-ий өсөлтөд нөлөөлнө хэмээн үзэж буй аж.


30-40 мянган төгрөгийн ханштай байсан ноолуурын үнэ сүүлийн хоёр жилд 3-4 дахин өссөн, махны үнэ өссөн нь малчдын орлогод тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэдгийг Сангийн сайд хэлэв. Мөн төсвийн байгууллагын ажилтнуудын цалинг нэмэгдүүлсэн нь өрхийн орлого нэмэгдэхэд нөлөөлсөн гэлээ. Өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулалт нийслэл, орон нутагт нэмэгдэж, түүнийг гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүдэд ажиллаж буй хүмүүсийн орлогод нөлөөгөө үзүүлж байгаа гэдгийг Сангийн сайд дурдаад өрхийн орлого нэмэгдсэн болохыг статистикийн мэдээлэлд үндэслэн өгч буйг тодруулж байлаа.


Гишүүд ийнхүү асууж, хариулт авсаны дараа дээрх хууль, тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ