Бэлгийн замын халдварт өвчнийг бууруулах төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-05-15 20:51:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, Японы Хүүхдийг ивээх сан, Монголын Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг, “Оновчтой хөгжил” төрийн бус байгууллагa, Өвөрхангай аймгийн ЗДТГ, ЭМГ зэрэг олон байгууллага хамтран “Залуу нас, гэрэлт ирээдүй” төслийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.

Иргэдийн дундах бэлгийн замын халдварт өвчнийг бууруулах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн боловсролыг түгээхэд чиглэсэн цогц арга хэмжээ гон дуустал хэрэгжүүлэх юм.

Өвөрхангай аймаг бэлгийн замын халдварт өвчнөөр улсын дунджаас дээгүүрт ордог. Оны эхний улиралд бэлгийн замаар дамжих халдварын 385 тохиолдол бүртгэгдсэнээс тэмбүүгийн өвчлөлөөр 0-11 сартайд 1 хувь, 10-19 насныханд 12 хувь, 20-24 насныханд 25 хувь, 25-29 насныхны 23 хувь, 30-34 насныхны 18 хувь, 35-39 насныхны 7 хувь, 40-өөс дээш насныхны 14 хувьд илэрчээ.

Бэлгийн замын халдварт өвчнийг бууруулахад мэргэшсэн хүний нөөц хангалтгүй, эрэгтэйчүүдэд үйлчлэх кабинет байхгүй, БЗХӨ-ий кабинетын хүний эрх, нууцыг хангахуйц орчин нөхцөл бүрдээгүй, хавьтлыг идэвхтэй илрүүлэх, хяналтад авах үйл ажиллагаа сул зэрэг олон тулгамдсан асуудлыг уулзалтын үеэр ярьж байлаа.

 

Холбоотой мэдээ