Асгат сум жил бүр "Монгол бичгийг дээдлэгч байгууллага"-ыг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-05-15 23:40:12

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Асгат сумын Соёлын төвөөс “Монгол бичгийг дээдлэгч байгууллага” уралдааныг амжилттай зохион байгуулж дүнгээ гаргажээ. 

Тус уралдааныг Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105, 2017 оны 25, 2018 оны 46 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, Завхан аймгийн Хэлний бодлогын зөвлөлөөс санаачилсан долоо хоног бүрийн лхагва гарагийг “Эх хэлний өдөр” болгох тухай уриалгыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд анх удаа зохион байгуулжээ. Түүнчлэн иргэдэд эх хэл бичиг, соёлоо дээдлэх, түгээн дэлгэрүүлэх, мэдлэг чадвараа дээшлүүлэх хандлагыг төлөвшүүлэх зорилготой жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ. Уралдааныг монгол  бичгийн утга агуулгыг илэрхийлсэн мэндчилгээ, “Оюунтүлхүүр” шастираас үндэсний босоо монгол бичгээрээ уран бичих, зурах, сийлэх, оёж наасан бүтээл туурвих гэрийн даалгавар, Монголчуудын бичиг үсэгМонгол бичгийн хэрэглээ” сэдэвт илтгэлийн уралдаан, "Тунгаамал" эх хэлний уралдаан гэсэн дөрвөн үе шаттайгаар зохион байгуулжээ. Ийнхүү тэргүүн байрыг сумын ИТХ, ЗДТГ эзэлж "Монгол бичгийг дээдлэгч байгууллага"-аар шалгарсан байна. Дэд байрыг сумын Ерөнхий боловсролын сургууль, гуравдугаар байрыг Эрүүл мэндийн төв тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо. Анхных гэхэд энэ удаагийн уралдаанд сумын байгууллага бүр идэвх санаачилгатай оролцож ажилтан алба хаагчдаа жигд оролцуулсан байна. Мөн монгол бичгийг уран шаглаа оёдолтой хослуулж, бийрийн бичлэгийг өөрсдийн ур чадварын хүрээнд бичиж бэлэг дурсгалын зүйлсийг бүтээсэн нь шинэлэг байсан. Түүнчлэн Асгат суманд зохион байгуулж буй тэмцээн уралдааны шагнал, өргөмжлөлийг босоо монгол бичгээр бичих, иргэдэд монгол бичгийн сонгон хичээллүүлэх, монгол бичгээр ураг удмын бичгээ үлдээх, байгууллага бүр хаягаа кирилл болон монгол бичгээр хослон бичих аяныг өрнүүлээд байгаа тухай Асгат сумын ЗДТГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ