Д.Нарантуяа: Хүүхдүүд зорилготой, өөрийн сонирхолтой мэргэжлээ зөв сонгох чадвартай болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-16 15:51:39

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ жилийн тухайд ЭЕШ авах үйл ажиллагаанд нэлээд өөрчлөлт шинэчлэлтийг хийж, цахим дэвшил гарч байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн БСУСГ-ын мэргэжилтэн Д.Нарантуяатай уулзаж, ЭЕШ тойрсон асуудлаар ярилцлаа.  


-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны хариуцсан ажлын нэг гол зүйл бол ЭЕШ-ын асуудал байдаг. Шалгуулагчид маань саяхан монгол хэл бичгийн шалгалтаа өгсөн. Энэ шалгалтын хувьд хэр амжилттай байв?

-Сайн, сайн байна уу? Энэ жилээс монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо дүгнэгддэг болсон. Монгол Улсын БСШУС-ын сайдын 2009 оны А/42 тоот тушаалаар их, дээд сургуульд элсэгчдээс авдаг монгол хэл, бичгийн шалгалтыг 400 оноо байхаар тогтоож өгсөн байдаг. Үүний дагуу энэ оны 3-р сарын 23-ны өдөр ерөнхий шалгалт өгөх бүх шалгуулагчид шалгалтаа өгсөн. Энд манай Сэлэнгэ аймгаас 371 хүүхэд орсон. Бүртгэлээс хоцорсон буюу босго оноондоо хүрээгүй хүүхдүүдийн дахин шалгалтыг 4-р сарын 20-нд авсан байгаа. Энэ шалгалтад манай аймгаас 70 шалгуулагч орохоос 60 нь орсон. Энэ нь өмнөх оны төгсөгчид бүртгүүлчихээд ирж амжаагүй тохиолдол гарсантай холбоотой тоондоо хүрээгүй. Сэлэнгэ аймгаас энэ жил нийт 355 хүүхэд 12-р анги төгсөж байгаа. Өмнөх оныхтойгоо нийлээд нийт 448 хүүхэд энэ жил ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна.


-Урд жилүүдтэй харьцуулахад ЭЕШ-ын тухайд нэлээд өөрчлөлт орж байх шиг харагдаж байна. Ямар ямар онцлог зүйлүүд нэмэгдэн гарч ирж байна. Мөн бүртгэл болоод шалгалт авах явцад гарч буй өөрлөлтүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юу?   

-Энэ жилийн нэг онцлог бол 1000 инженерийн төсөл гээд Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлдэг төсөл сунгагдаад сорилын шалгалт авах болж байгаа. Иймээс энэ жил төгсөж байгаа хүүхдүүд маань энд бүртгүүлээд 5-р сарын 11-нд шалгалт өгсөн. Дараагийн нэг онцлог бол хүүхдүүд ЭЕШ-ын бүртгэлээ онлайнаар бүртгүүлнэ. Мөн ЭЕШ-ынхаа төлбөрийг картаар хийдэг болж байгаа. Бас цахим зурвасаар өөрийнхөө суудлын хуваарь болоод оноогоо авах боломжтой болсон. Хамгийн том онцлог нь бол 6 дугаар сарын 17-20-ны хооронд ерөнхий шалгалтаа өгөөд газар дээрээ шууд засалт хийхээр болсон. Энэ үйл ажиллагааг нь улс орны хэмжээнд явуулна. Урд нь 14 хоног оноогоо хүлээдэг байсан шүү дээ. Энэ жил 1-2 цагийн дотор газар дээрээ бүх хүүхэд оноогоо мэдэх боломжтой болж байгаагаараа онцлогтой. Мөн ЭЕШ-д ороод батламж оноогоо 14 хоногийн дараа авдаг байсан бол одоо 7 хоногийн өмнө авах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл орон нутагтаа шууд засчихаад нэгдсэн байдлаар улсын хэмжээнд жагсаалт гарахад 2-3 хоногийн хугацаа зарцуулах болно гэсэн үг. Ингэж шууд засалтын технологи хэрэглэснээр хуваарь сонголт бас урагшилж байгаа.


-Тэгэхээр ЭЕШ-ын тухайд нэлээд давуу талууд ихтэй болжээ. Бидний үед олон хоног хүлээж байж дүнгээ сонсож, хуваариа авдаг байлаа. Техник технологийн хөгжил дэвшил цагийг хэмнэж, хугацааг хөнгөвчилсөн олон алхмыг хийж байна л даа. Энэ хөгжил дэвшлийн давуу тал боловсролын системд тухайлбал ЭЕШ-ын хувьд өөр ямар онцлог давуу зүйлийг авч ирэв?

-Энэ жилийн хувьд маш давуу талууд ихтэй болсон. Технологи хөгжиж байгаа давуу талаа ашиглаад боловсролын үнэлгээний төвүүд stati.mn сайтыг гаргаж ирээд өмнөх онуудын шалгалтуудын материалыг гарган тавьж байна. Энэ нь өмнөх жилүүдийнхээ шалгалтын материалыг эргэн хараад алдаа оноогоо харьцуулж харах том боломжийг өгч байгаа юм. Хүүхдүүд үүн дээрээ анализ хийх боломжийг өгч байгаа гэсэн үг. Тухайлбал багш, сурагч, шалгуулагч хэн бүхэн тийшээ орж шалгалтын даалгавартайгаа харьцах, өөрийн алдсан зүйл дээрээ дүгнэлт хийх том боломж гэдгээрээ онцлогтой юм.

 

-Сэлэнгэ аймгийн хувьд ЭЕШ-ын амжилтаараа бусад аймагтай харьцуулахад ямар амжилттай явдаг юм бол. Хүүхдүүд болоод багш нарын амжилт ахиж байна уу?

-Хаврын ЭЕШ-ын дүн намар гардаг. Хүүхдүүд зорилготой болсноор олон шалгалт өгөх явдал багассан. Чанарын хувьд нэг хүүхдийн авах босго оноо урагшилж байна л даа. Манай аймаг, орон нутагт мэргэжил сонголтын үйл ажиллагааг сүүлийн жилүүдэд маш үр дүнтэй, сайн хийж байгаа. Энэ байдлаас хүүхдүүд хичээлдээ анхаарч, мэргэжил сонголтдоо маш ухаалаг, суурьтай ханддаг болж байна. Мөн сургалтын чанартай холбоотой хөтөлбөр хэрэгжиж байгаа учраас хичээл бүр дээр дундаж оноо тодорхой хэмжээгээр урагшаа ахиж яваа. Ер нь манай аймгийн хувьд ЭЕШ-ын хувьд аймгуудын дундаж хавьд л явдаг. Бид сургалтын чанар гэсэн хөтөлбөр хэрэгжүүлээд цаашид ЭЕШ-ын оноог урагшлуулах боломжийг хайж, бодлогоо боловсруулан ажиллаж байгаа.


-Энэ салбарын болоод ЭЕШ-ын асуудлыг хариуцаж, аймгийн хэмжээний бодлогыг боловсруулахад оролцож, сэтгэл оюунаа чилээж явдаг хүний хувьд цаашид ямар зүйл энд өгүүлэгдэж байгаа талаар сэтгэлээ хуваалцахгүй юу?

-Аливаа ажилд урам нэмнэ гэдэг чинь маш том хөшүүрэг юм уу гэж миний хувьд боддог. Энэ ч утгаараа эдийн засгийн хөшүүрэг чухал. Бид ярилцаад хэдэн жилийн өмнө эцэг эхчүүд, төгсөгчид, компани, ААН-үүдтэй ярилцаж, тохиролцоод тэнднээс хандив тусламж авч байгаад 800 оноо авсан хүүхдүүддээ болон тэднийг бэлтгэсэн багш нарт сургалтын хэрэглэгдэхүүн болгож зөөврийн компьютер, зурагт авч өгч урамшуулдаг байсан юм. Энэ маань сүүлийн үед ивээн тэтгэгч олдохоо болиод зогссон. Үүнийг улам сайжруулбал хүүхэд, багш нарын урам нэмэгддэг юм билээ. Харин өнгөрсөн жилээс манай аймгийн Засаг дарга 800 оноо авсан хүүхэд, бэлтгэсэн багшид мөнгөн урамшуулал олгож эхэлсэн. Энэ бол маш том урам дэмжлэг болж байгаа. Ингэснээр хүүхдүүдийн сурах хүсэл эрмэлзэл нэмэгдэж, цааш суралцах зүг чигийг нь зөв гаргаж өгөх, сурах эрмэлзлэл төрүүлж өгөхөөс гадна мэргэжлийг нь зөв сонгуулахад түлхэц өгч байгаа юм. Үүгээр зогсохгүй багш нарын үнэлэмжид ч нөлөө болох юм билээ.


-Сэлэнгэ аймгаас жил бүрийн ЭЕШ-аас алдахгүй 800 оноо авч байгаа юу. Хичээлдээ маш сайн хүүхдүүд гавихгүй оноо авсан тал байдаг. Тухайн үеийн хүүхдийн сэтгэл зүй болоод ёстой нөгөө тэр өдрийн тэнгэр мэдэж гэдэг юм болдог юм болов уу. Жилд ер нь хэчнээн хүүхэд энэ дээд оноогоо авч чадаж байна вэ. Тоо нь ахиж байна уу?

-Манай аймгаас өнгөрсөн жил хоёр хүүхэд 800 оноо авсан. Тухайн шалгалтынхаа сэдэв даалгавраас болоод сайн сайн хүүхдүүд оноо алдах явдал гардаг л даа. Сэлэнгэ аймгийн хувьд жил бүр 800 оноотой хүүхдүүд гарч ирж байгаа. Сүүлийн хоёр жил дараалан хоёр хоёр хүүхэд гарч ирсэн. Хүүхдүүд ухамсартай, зорилготой болж байна. Ямар хичээлээр хэдэн шалгалтаа өгөхөө мэддэг болсон. Мөн өөрийн сонирхолтой мэргэжлээ зөв сонгох чадвартай болж байна. Иймээс ЭЕШ-ын оноо ахиж, дээшилнэ гэдэгт итгэлтэй байгаа.     

-Цаг зав гарган ярилцсан Танд баярлалаа.      

 

Холбоотой мэдээ