“ИТХ-ын өдрүүд”-ийг Бүрэгхангай, Дашинчилэн суманд зохион байгуулав

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-05-16 17:09:44

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба “ИТХ-ын өдрүүд” арга хэмжээг Бүрэгхангай, Дашинчилэн суманд зохион байгуулж, нутгийн өөрөө удирдах байгууллага, хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаа, чиг үүргийг сурталчлан, иргэдийн санал хүсэлтийг авлаа.

“ИТХ-ын өдрүүд” арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Тэргүүлэгч, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Төлөөлөгч Н.Эрхэмбаяр, Д.Луттөмөр нар оролцлоо.

Бүрэгхангай, Дашинчилэн сумын иргэд уул уурхайн салбарт тавих хяналтыг чангатгах, байгаль орчны нөхөн сэргээлт хийлгэх, отрын бүс нутгийн асуудлыг шийдэх, бэлчээрийн далхагдлыг бууруулах, үлийн цагаан огтонотой тэмцэх, малыг эрүүлжүүлэх, эм тарилгын хангамж, мал эмнэлгийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, нийгмийн даатгалын үйлчилгээг сайжруулах талаар иргэд санал гаргасан байна.

-Орон нутгийн өөрийн удирдлагын байгууллага ИТХ, төлөөлөгчийн эрх хэмжээ, чиг үүрэг, зорилгын талаар мэдээлэл, мэдлэг өгсөн “ИТХ-ын өдрүүд” арга хэмжээг иргэд сайшаан дэмжиж байлаа. Аймгийн ИТХ-ын болон  төлөөлөгчийн үйл ажиллагааг сурталчлах энэ ажлыг цаашид нийт суманд зохион байгуулна гэж Ажлын албаны ахлах мэргэжилтэн Д.Алтаншагай ярилаа.

Тус арга хэмжээний үеэр сумын төв, хөдөөгийн багийн иргэдтэй уулзалт, ярилцлага хийх, албан байгууллагын үйл ажиллагаатай танилцах, ИТХ-ын ажлын талаар мэдээлэл өгөх, чиг үүрэг, зорилгын талаар сургалт зохион байгуулах зэрэг ажил хийлээ.

Холбоотой мэдээ