“Нэмэх цэнэг” эмэгтэйчүүдийн клубт нэгдэж, хамтдаа хөгжихийг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-16 20:17:49

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн эмэгтэйчүүд хамтдаа хөгжих, нийгэмд эерэг хандлага түгээх, нэг нэгнээсээ шинэ зүйл суралцах, туршлага хуваалцах зорилгоор “Нэмэх цэнэг” эмэгтэйчүүдийн клуб байгуулжээ.

Тус клуб дөрөвдүгээр сараас эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор байнгын 15 гишүүнтэй бөгөөд сайн дурын 20 орчим эмэгтэйчүүд тэдний үйл ажиллагааг дэмжин оролцож байна.  

“Нэмэх цэнэг” эмэгтэйчүүдийн клуб нь долоо хоногийн бямба гараг бүр орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулан ажиллаж, сурч хөдөлмөрлөж, бүтээн туурвиж  байгаа  манлайлагчдыг зочноор урьж, чөлөөт  уулзалт хийж  байна. 

Мөн клубын гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эмэгтэйчүүдээр дамжуулан тэдний гэр бүлийн гишүүд, тэр дундаа хүүхэд багачуудыг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр сургалт,  өдөрлөг,  сайн дурын үйл ажиллагаануудыг хуваарийн дагуу мэргэжлийн байгууллагуудтай  хамтран зохион байгуулж байгаа юм.

Одоогийн байдлаар Lead Mongolia-2017, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүдийн дуу хоолой-2018” хөтөлбөрийн төгсөгч, аймгийн Нийтийн номын сангийн захирал Т.Эрдэнэтуяа, Австрали улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутан, "Хар сувд" англи хэлний сургалтын төвийн захирал Л.Алтанцэцэг зэрэг 8 зочин урьж,  чөлөөт сэдвээр ярилцаж  туршлага солилцжээ.

Үүнээс гадна “Үлгэрийн цаг” өдөрлөг зохион байгуулснаар эмэгтэйчүүд хүүхдүүдтэйгээ хамт оролцжээ. Энэхүү үйл ажиллагаа нь  хүүхэд багачуудыг  зөв төлөвшүүлэх,  улмаар тэдний хандлагыг  өөрчлөх,  хөгжүүлэх,  үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх, гэр бүлийн гишүүдийн хамтын оролцоог нэмэгдүүлэх боломж бүрдүүлснээрээ чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид хэллээ.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт эмэгтэйчүүдийн амьдралын цаашдын зорилго, зорилт, түүнд хүрэх арга замыг тусгасан "Мѳрѳѳдлийн самбар хийцгээе" сэдэв сургалт зохион байгуулж, нээлттэй ярилцсан байна.

Харин ирэх бямба гараг буюу тавдугаар сарын 18-нд болох чөлөөт уулзалтад Ховд их сургуулийн оюутан, “Тэнгэрийн зурлага” уран бичгийн дугуйлангийн үүсгэн байгуулагч Н.Золзаяа оролцох аж. Босоо Монгол бичгийнхээ үе бүрийг бийр бэх нийлүүлэн бичихийн гайхамшиг, давуу тал, бийрэн бичгийн зурлага төдийгүй эх оронч үзэл, хичээл зүтгэл, хүмүүжил, тэсвэр хатуужил, чин сэтгэл, цаг хугацааны  үнэ цэн,  мөн чанарын тухай эмэгтэйчүүд ярилцах юм.

Мөн клубын гишүүд тавдугаар сараас эхлэн сар бүр сайн дурын ажил хийхээр болжээ. Тухайлбал, энэ сард клубын гишүүн, бага насны хүүхдээ асран халамжилж буй  нэгэн эмэгтэйд оёдлын машин авч өгч, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр болсон байна. 

“Нэмэх цэнэг” эмэгтэйчүүдийн клуб нь орон нутгийн салбар бүрийн ажил мэргэжилтэй, бүх насны эмэгтэйчүүдийг нэгтгэх ба бие биенээсээ суралцдаг, нэг нэгнээ урамшуулж, дэмжих үүрэгтэй ажилладаг. Тиймээс эмэгтэйчүүд өөртөө цаг зав гарган  клубт  нэгдэж, хамтдаа хөгжихийг  уриаллаа.








Холбоотой мэдээ