Коосэн, бакалаврын хамтарсан хөтөлбөрт сүүлийн элсэлтээ авч байна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-05-17 10:46:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Япон орны Засгийн газрын гэрээ хэлэлцээрийн дагуу БСШУСЯ-ны хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл Японы Үндэсний технологийн коллеж болон инженер, технологийн чиглэлээр Японы их сургуулиудад суралцах хүсэлтэй ЕБС төгсөгчдийг төслийн сорилд бүртгэж байна.


Монгол Улсын инженерчлэлийн салбарт бодит хувь нэмэр оруулах зорилгоор Япон Улсад 1000 инженерийг сургах төлөвлөгөөтэй энэхүү төсөл нь 2014-2024 он хүртэл үргэлжлэх бөгөөд энэ жил Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт сүүлийн элсэлтээ авч байна.

ЭЕШ өгсөн Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, 22 хүртэлх настай Монгол Улсын иргэн төслийн сорилд хамрагдаж болох бөгөөд шаардлага хангасан тохиолдолд “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хөтөлбөрт хамрагдан суралцах боломжтой болно.

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн сорилыг энэ сарын 19-нд ШУТИС-ийн хичээлийн 2-р байранд зохион байгуулна. Элсэхийг хүсэгчид энэ сарын 18-ны 18:00 цаг хүртэл www.elselt.edu.mn/mjeed сайтаар бүртгүүлнэ.

Төслийн Бэлтгэл коосэн сургалтын хөтөлбөрт элсэн суралцагчид Механик инженерчлэл, Цахилгаан, электроник, Мэдээллийн систем, Хүрээлэн буй орчны инженерчлэл, Барилга, архитектур,  Бусад /Техник технологи/ зэрэг мэргэжлээр ШУТИС-д 1,5 жил суралцаад шилжин суралцах шалгалтад тэнцсэн тохиолдолд Япон Улсын Коосэнд 3 жил суралцан төгсөж техник технологиор мэргэшсэн онол, дадлага хосолсон туршлагатай боловсон хүчин болдгоороо давуу талтай.

Харин Бакалаврын хамтарсан хөтөлбөрт элсэн суралцагчид Архитектур, Барилга хүрээлэн буй орчны инженер, Механик инженер гэсэн мэргэжлээр ШУТИС-т 2.5 жил суралцаад кредит дүйцүүлэн Япон Улсын инженер, технологийн чиглэлээр тэргүүлдэг улсын сургуулийн 3 дугаар дамжаанд шилжин суралцдаг.


Холбоотой мэдээ