Ядуурал генээр дамжин удамшдаг уу?

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-05-17 18:58:11

Ядуурал гэдэг нь зөвхөн мөнгөөр гачигдахыг хэлэхгүй бөгөөд ядуу байх нь хүний бие организмын химийн бүтцийг өөрчилдөг ажээ. Ийм дүгнэлтийг Финланд, Их Британийн хувьслын /эволюци/ онолыг баримтлагч эрдэмтэд хийсэн байна. Ядуу байх нь хүний тархи ба биемахбодид нөлөөлдөг гэдгийг нотолсон шинэ шинэ баримтууд сүүлийн үед гарч ирсээр байгаа тухай Финландын долоо хоног тутмын Suomen Kuvalehti сэтгүүлд ни йтлэлч Кирси Хейккинен бичсэнийг товчлон орчууллаа.


Цалин өндөртэй хүмүүстэй харьцуулахад ядуу хүмүүс илүү олон удаа өвчилж, илүү эрт нас бардаг байна. 2016 онд Финландын Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн газрын хийсэн судалгаагаар, хамгийн ядуу амьдралтай финчүүд ба хамгийн чинээлэг финчүүдийн дундаж наслалтын зөрүү нь эмэгтэйчүүдийн хувьд 5,6 жил, эрэгтэйчүүдийн хувьд бүхэл бүтэн 10,6 жил байжээ.   


Ийм их зөрүүтэй байгаа нь амьдралын хэвшилтэй холбоотой гэж зарим талаар тайлбарлаж болно. Судалгааны дүнг үзвэл, Финланд, Их Британийн хүн амын ядуу бүлгийнхэн чинээлэг бүлгийнхэнтэй харьцуулахад эрүүл ахуйн хувьд чанар муутай хүнсээр хооллож, спортоор хичээллэх нь цөөн байдгаас гадна илүүдэл жинтэй, согтууруулах ундаа, тамхийг илүүтэй хэрэглэдэг байна. Цалин өндөртэй хүмүүстэй харьцуулахад ядуу хүмүүс нь илүү цочмог түргэн авиртай байдаг ба эрсдэлтэй үйлүүдийг илүү олон удаа хийдэг аж.  


Хэрвээ чи өвчлөөд цагаас өмнө нас барж байвал өөрөө л буруутай гэж олон хүн үздэг.


Гэтэл хүний амьдралд санхүүгийн бэрхшээл үүсгэдэг тодорхой эрсдэлүүд хуримтлагдсаар байгаад удамшдаг байж магадгүй гэж хувьсал судлаач эрдэмтэд үзэж байна. .


Үүний шалтгааныг олохын тулд Финландын Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн газар ба Турку-гийн их сургуулийн судалгааны баг 157 мянган финчүүдийн талаарх мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийсэн байна. 2017 онд нийтлэгдсэн уг судалгааны дүнг үзвэл, эцэг эхчүүдийн боловсролгүй байдлаас шалтгаалаад хүүхдүүд нь боловсрол муутай болох, эцэг эхчүүд нь ажилгүй байх нь хүүхдүүдэд нь нөлөөлж удамшдаг байж магадгүй ажээ.


Судлаачдын хийсэн эдгээр дүгнэлтийг “ядуу амьдарч байгаа нь хүмүүсээс өөрсдөөс нь шалтгаалдаг” гэсэн утга бүхий хэвлэлүүдэд байнга гардаг тайлбар ишлэлүүдтэй хавсарган харьцуулжээ.  


Гэсэн хэдий ч ядуурал гэдэг бол тухайн хүний сул дорой байдал, хувийн сахилга бат муугаас шалтгаалдаг зүйл биш гэнэ. Хүний тархи ба биемахбодид ядуурал нөлөөлдөг гэдгийг нотолсон шинэ баримтууд гарч ирсээр л байна. Хүний бие организмд ядуурлын үзүүлэх нөлөөтэй холбоотой олон хүчин зүйл нь тухайн хүн ядуурлаас гарах боломжийг хязгаарласаар байдаг аж.  


“Ядуурал нь биологийн хувьд өөрсдөд нь хүчтэй нөлөөлдөг болохыг хүмүүс мэддэггүй, эсвэл ойлгодоггүй” гэж хувьслын онол судлаач-биологич Э.Витикайнен ярьж байна.


Мөнгөөр гачигдах нь хүний тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг болохыг  Их Британийн Уорикийн их сургуулийн судлаач Ананди Мани Америк, Канадын мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран судалгаа хийсний дүнд тогтоожээ.


А.Мани судалгаанд сайн дураараа оролцсон Америкийн 400 иргэнээс сэтгэх чадварын сорил авсан байна. Тэдний зарим нь дундаас доош түвшний ядуу амьдралтай хүмүүс байсан бол бусад нь дундаас дээш түвшний амьдралтай чинээлэг иргэд байжээ.


Сорилд оролцож буй хүмүүс мөнгөний асуудалд хэр их санаа зовох нь вэ гэдгийг овжин аргаар тодорхойлсон аж. Үүний тулд “хэрвээ таны автомашин гэнэт эвдэрвэл та түүнийг шууд засварын газарт өгч чадах уу? Засвар хийлгэхийн тулд зээл авах уу?” гэсэн асуултуудыг сорилд оролцогчдод тавьсан байна.


Сорилд оролцогчдын заримд нь “машинаа засуулахад 100 орчим евро хэрэгтэй болно” гэж хэлсэн бол заримд нь үүнээс 10 дахин өндөр үнэ хэлжээ.


Бага хэмжээний мөнгөний асуудал яригдах үед ядуус ба чинээлэг иргэдийн аль аль нь сэтгэх чадварын сорилыг амжилттай давсан байна. Харин засварыг маш үнэтэй хийнэ гэх үед ядуу хүмүүсээс авсан сорилын дүн шууд буурч эхэлжээ. Тэдний сэтгэх чадварын түвшин шууд 13 хувиар унасан нь шөнө нойргүй хоносонтой адилтгахаар муу үзүүлэлт юм. Харин машин засах үнэ өндөр байх болно гэж хэлсэн нь баячуудын өгсөн сорилын дүнд нөлөөлөөгүй аж.


Уг сорил нь “мөнгөөр гачигдаж байна гэж байнга бодох нь хүний оюуны чадавхид нөлөөлдөг” гэдгийг харууллаа. Санхүүгийн хүндрэлийн талаар бодох нь хүний тархинд ихээхэн ачаалал өгдөг учраас бусад мэдээллийг боловсруулах чадвар нь сулардаг байна.


Ийм үзэгдэл өдөр тутмын амьдралд тохиолддог нотолсон жишээг Мани ба түүний мэргэжил нэгт нөхөд дурдсан юм. Тодруулбал, тэд нэгэн туршилтандаа Энэтхэгийн фермерийн аж ахуй эрхлэгчдийг оролцуулжээ. Тэдгээр фермерүүд ургацаа хурааж борлуулаад жилдээ ганцхан удаа мөнгө авдаг аж. Иймээс ургац хураахаас өмнө болон дараа нь тэдний сэтгэх чадвар ямар байгааг судалсан байна. 


Туршилт явуулахад, мөнгөө хараахан аваагүй байгаа фермерүүд нь мөнгөө хэдий нь авчихсан хүмүүстэй харьцуулахад сэтгэх чадварын сорилд тааруу дүн үзүүлжээ. Үүний сацуу, фермерүүдийн хоол хүнс ба ажлын нөхцөл яг адилхан байсан гэдгийг дурдах нь зүйтэй.  


Амьдралын ядуу нөхцөл,  тэсэн үлдэхийн төлөөх байнгын санаа зовнил нь хүнийг дотроос нь иддэг байна. Ийм нөхцөлд адреналин, кортизол зэрэг стрессийн дааврууд илүү идэвхтэй ялгардаг ажээ. Байнгын стрессийн улмаас магнайн урд хэсэг дэх тархины гадарга дахь нейроны холбоосуудын тоо цөөрдөг ба энэ нь логик сэтгэлгээний чадварыг сулруулдаг байна. Кортизол байнга ялгарах нь гиппокамп буюу санах ойн хэсгийн эсүүдийг туйлдуулдаг аж. 


Стресс удаан хугацаагаар үргэлжлэх нь дархлааны тогтолцоог цуцааж, өвчлөх магадлалыг нэмэгдүүлнэ. Цусны даралт өндөрссөнөөр зүрхний өвчнөөр өвчлөх магадлал ихэснэ. Стрессийн үед ихээр ялгардаг дааврууд нь бодисын солилцоонд өөрчлөлт оруулснаар таргалж, чихрийн шижнээр өвчлөх эрсдэлтэй. 

Түүнээс гадна, хүн удаан хугацаагаар стрессийн байдалтай явах нь хөгшрөх явцыг түргэсгэдэг. Тодруулбал, хромосомын төгсгөл хэсгүүд болох теломерүүд богиносдог байна. Ядуу хүмүүсийн теломерүүд нь хангалуун амьдралтай хүмүүсийнхтэй харьцуулахад богинохон байдаг аж. Энэ ялгаа нь бүр хүүхэд байх үеэс эхлээд мэдрэгдэнэ. 


Цочмог зан авир, анхаарал дутагдлын хам шинж, хэт хөдөлгөөнтэй байх зэрэг эмгэг нь богино теломертэй хүмүүст байнга ажиглагддаг гэнэ.

“Төрөлхийн цочмог зан авир нь тамхи татах зэрэг хорт зуршлуудад автагдахад хүргэдэг, харин тамхи татах нь теломер богиносоход хүргэдэг байж магадгүй гэж судлаачид саяхныг хүртэл таамаглаж байсан. Гэтэл шалтгаан-үр дагаврын холбоо нь огт өөр байвал яах вэ? Хэрвээ ядуурал, стрессээс үүдэн теломерүүд богиносох нь хүнийг цочмог зан авиртай болгодог байвал яах вэ? гэсэн асуултыг эволюци судлаач-биологч Эмма Витикайнен тавьж байна. 


Их Британийн Ньюкаслын их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн профессор Дэниэл Неттл ба түүний мэргэжил нэгтнүүд уг сэдвээр хийсэн судалгааныхаа дүнг 2018 оны 1 дүгээр сард хэвлэлд нийтэлсэн юм. Тамхи татах нь теломерүүдийг богиносгодог гэдгийг тэд баталж чадаагүй боловч богинохон теломертэй хүмүүс тамхи татах зуршилд илүүтэй автсан байдаг нь тодорхой болжээ.

Нийгэм-эдийн засгийн хүнд нөхцөлд амьдрах, юмаар гачигдах дутагдах ба хүүхэд насанд амссан хүчирхийлэл зэрэг нь шилжилтийн насыг хурдасгадаг байна. Өөрөөр хэлбэл “хурдхан шиг амьдраад залуугаараа үх” гэсэнтэй адил.


Нөөц дутагдалтай байгаа үед аливаа амьтан нь өөрийн энергийг эсүүдээ нөхөн сэргээх эсвэл нөхөн үржихэд зарцуулах боломжтой. Энэ бүгдийг нэг дор амжуулна гэдэг нь боломжгүй зүйл.  


Хэрвээ нөхцөл байдал тогтворгүй, аюултай, стресс их байгаа бол залуу насандаа үржин олшрох нь эволюцийн хувьд хамгийн оновчтой хувилбар болно. Энэ хувилбар нь олон сая жилийн туршид хөгжиж ирсэн биологийн механизмуудтай холбоотой бөгөөд гэхдээ энэ нь орчин цагийн нөхцөлд зөв, сайн хувилбар гэсэн үг бишээ. Биологийн ба нийгмийн эволюци нь өөр хоорондоо байнга зөрчилдөж байдаг.   


Хүний генүүд ба амьдарч буй орчин нөхцөл нь хоорондоо нягт холбоотой. Ген нь тухайн нөхцөл байдал хүмүүст хэрхэн нөлөөлөхийг тодорхойлж байдаг бол ахуй нөхцөл нь янз бүрийн тохиолдолд генүүд хэрхэн ажиллахыг тодорхойлж байдаг.


Хэрвээ эх хүн хоол унд муутай байсан бол үр хөврөлийнх генүүд нь буруу хөгждөг. Хүний бие организм ийм нөхцөл байдлыг “хүүхэд хоол хүнс дутагдалтай нөхцөлд төрөх юм байна” гэж хүлээж авна. 


Жирэмсэн эх стресст орсноороо хэвлийд байгаа хүүхэддээ “чи аюултай нөхцөлд төрөх нь байна шүү. Байнга сонор сэрэмжтэй байх ёстой” гэсэн мэдээллийг өгч байдаг. Жирэмсэн үед стрессийн дааврууд хэт ихээр ялгарах аваас энэ нь хүүхдийн мэдрэлийн эсүүдэд, дараа нь түүний төв мэдрэлийн систем бүрэлдэхэд нөлөөлнө.


Кортизол их хэмжээгээр ялгарах нь хүний сэтгэл хөдлөл ба стрессийг хариуцдаг тогтолцоонд нөлөөлдөг. Эх нь жирэмсэн байх үед хүчтэй стресст орж байсан хүүхдүүдийн сэтгэх чадварын түвшин нь бусад хүүхдүүдийнхээс доогуур байжээ.

Ядуурлын урхинд орсон, сэтгэл гутралд автагдсан хүмүүс нялх балчир хүүхдүүддээ эцэг эхийн хайрыг өгч чаддаггүй. Энэ нь тэртэй тэргүй эмзэг байгаа хүүхдийн сэтгэл хөдлөлийн байдалд нэрмээс болно.


Гэсэн хэдий ч хүүхдийн өсөн торниж буй орчныг өөрчилснөөр нөхцөл байдлыг сайжруулах боломжтой.


Хэрвээ улс төрийн хүсэл зориг, бусдын зовлонг ойлгох чанар байх аваас тэнцвэргүй байдлыг бий болгож буй биологийн нөлөөллийг тэнцвэржүүлж болно. Үүний тулд хүүхдийн хүмүүжилд нялх балчраас нь анхаарах, нялх хүүхдүүдтэй гэр бүлүүдийг дэмжих нь чухал.


Эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх зэрэг олон төрлийн дэмжлэг нь хүний эрүүл мэнд ба оюун ухаанд хэдэн арван жилийн туршид сайнаар нөлөөлнө. Үүний үр дүн нь дараа дараагийн үе удамд нь мөн нөлөөлөх болно. 


Орчуулсан Б.Адъяахүү 

Эх сурвалж:https://inosmi.ru/social/20190502/244805017.html

Холбоотой мэдээ