Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төслийг энэ сарын 27-ноос авч эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийг дэмжих сангаар дамжуулан олгодог зээлийн сонгон шалгаруулалт, хүлээн авах журамд өөрчлөлт оржээ.
Шинэ журамд
туссанаар, нэгд, 300 саяас нэг тэрбум төгрөгийн зээлд хамрагдах төслийг ЖДҮ-ийг
дэмжих сан хүлээж аваад банкаар дамжуулан олгоно. Банк жилийн найман хувиас ихгүй зээлийн хүү бодох аж. Уг
зээлийг Засгийн газраас хэрэгжүүлж буй “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрт багтсан
буюу арьс, шир боловсруулах зэрэг стратегийн ач холбогдолтой үйлдвэрийг түлхүү
дэмжих ажээ.
Хоёрт, 20 саяас 300 хүртэлх сая төгрөгийн зээлийг
ЖДҮ-ийг дэмжих сангаас жилийн гурван
хувийн хүүтэйгээр олгоно.
Гуравт, аймаг бүрт дэд хороо байгуулж 20 саяас 200 сая хүртэлх
төгрөгийн зээлийг ХХААХҮЯ-наас сонгосон банкаар дамжуулан олгох юм. Аймгийн дэд хорооны бүрэлдэхүүнд ЗДТГ, ХХААГ,
ХХҮГ тус бүрээс нэг хүн, ТББ-уудын төлөөлөл гурав, ХХААГ-ын ЖДҮ-ийн асуудал
хариуцсан мэргэжилтэн багтаж байна. Төслийг энэ сарын 27-ноос ирэх сарын 10 хүртэл
аймгийн ХХААГ-т хүлээн авч байгаа ажээ.
Өмнө нь ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийг дэмжих сангаас л зөвхөн зээл олгодог байсан бол шинэ журмаар орон нутаг бүрт дэд хороо байгуулж 200 хүртэлх сая төгрөгийн зээл олгох эрхтэй болж байгаа юм. Мөн төсөл сонгон шалгаруулалт, танилцуулгыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан олон нийтэд ил тод мэдээлэхээр болжээ.
Түүнчлэн төслийн
санхүүжилтэд шаардлагатай байгаа мөнгөнөөсөө хамаарч банкаар болон сангаар
дамжуулах эсэхээ иргэд өөрсдөө сонгох эрхтэй юм. Тодруулбал, 300 хүртэлх сая
төгрөгийн зээлийг ЖДҮ-ийг дэмжих сангаар дамжуулж жилийн гурван хувийн хүүтэйгээр,
300 сая төгрөгөөс дээш зээл авахыг хүсвэл ХХААҮЯ-д хандаж банкаар дамжуулан
жилийн найман хувийн хүүтэйгээр зээл авч болох ажээ.