Д.Эрдэнэбат: Хуулийн байгууллага үнэн зөвийг тогтоож, мэдээлэх ёстой

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.mn
2019-05-20 12:48:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд зуурдаар амиа алдсан. УИХ дахь АН-ын зөвлөлөөс талийгаачийн амиа алдсан газар өнөөдөр цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв.



Энэ үеэр, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, “Бидний журмын нөхөр, итгэл үнэмшил, үзэл бодол нэгтэй Г.Батхүүгийн өндрөөс унаж амиа алдсан газарт цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ. Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. Болсон хэрэг, явдалтай холбоотой нийгэмд олон ташаа мэдээлэл тарж байгаад харамсаж байна. Төрийн тусгай хамгаалалттай онцгой обьектод, улс төр, нийгмийн зүтгэлтэн амиа алдсан хэрэг олны анхаарлын төвд байгаа. Цагдаа, холбогдох хуулийн байгууллага энэ хэргийн үнэн зөвийг тогтоож, олон нийтэд нээлттэй мэдээлэх ёстой” гэв.



Хамгийн сүүлд талийгаач АН-ын дарга С.Эрдэнээгийн өрөөнд байсан гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнээгээс тодруулав. Тэрбээр, “Тухайн өдрийн үдээс хойш миний бие Төрийн ордонд байгаагүй. Үдээс өмнө АН-ын үзэл баримтлалын үндэсний аяны нээлт болж, үдээс хойш АН-ын зөвлөл хуралдсан. Манай өрөөнд ороогүй, надтай уулзаагүй гэдгийг харицлагатайгаар мэдэгдэж байна” гэлээ.

Холбоотой мэдээ