Н.Номтойбаяр: Талийгаачтай ажил хэрэг ярьсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-20 13:51:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Г.Батхүү өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд зуурдаар амиа алдсан. Талийгаачтай хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр уулзсан бөгөөд, тэрээр энэ тухай цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгсөн хэмээн мэдээлэв. 


Тэрбээр, “Миний бие талийгаачтай хэрэг гарсан өдөр уулзсан нь үнэн. Миний өрөөнд авто спортын холбогдолтой ажил хэргийн тухай 15 минут орчим ярилцсан. Ингээд би МАН-ын бүлгийн хуралдаанд 19.18 цагт орсон. Цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгсөн. Тухайн өдөр талийгаачтай хаана уулзаж, юу ярьсан тухайгаа мэдүүлсэн” гэв. 


Ийнхүү сэтгүүлчдийн асуултад тэрбээр хариулав.


-Таныг хэрэг гарсан өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэх мэдээлэл байна?

-Хятад руу ажлын айлчлалаар явсан гишүүд өдрийн хоолны үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпиний өгсөн архийг задалсан. Түүнээс согтуу байсан зүйл байхгүй. 


-Та талийгаачтай юу ярьсан бэ? 

-Талийгаач Монголын авто спорт, мотоциклын холбоог удирддаг. Харин миний бие “Оффроад”-ын  холбоог тэргүүлдэг. “Торгоны зам” авто ралли долоон сард зохион байгуулах талаар сонссон. Тэрхүү тэмцээн зохиох орос монголын хамтарсан ажлын баг гурван давхрын ЕТГ-ын дарга З.Энхболдын өрөөнд хуралдсан сурагтай байсан. Авто спортын тамирчдын цол, зэргийг Г.Батхүү агсны холбоо шийддэг юм. Манай холбооны 6 жилийн ой болж байгаатай холбогдуулан, тамирчиддаа цол, зэрэг олгох асуудлаар ярилцсан. Мөн ирэх зургаа, долоодугаар сард томоохон тэмцээн болно. Тиймээс хамтран 40 мянга гаруй авто спорт сонирхогчдын өмнө хэвлэлийн хурал хийх тухай ярилцсан. 


-Таныг уулзах үед талийгаачийн сэтгэл санаа ямар байсан бэ?

-Зүгээр байсан. Нэлээд жин хаясан харагдсан. 2016 оны сонгуулиас хойш талийгаачтай таараагүй явсан. Нүүрний судас нь улайсан харагдсан. Талийгаач хэлэхдээ, ах нь эмчилгээ хийлгэж байгаа гэж байсан.


-Талийгаач ганцаараа явж байсан уу?

-Миний өрөөнөөс ганцаараа гарсан. Уулзаж байхад ч араас нь хүн орж ирээгүй. Миний өрөөнд манай зөвлөх, бид гурав л байсан. Талийгаач гарсны дараа би зөвлөхтэйгөө бүлгийн хуралдаан руу 19.18 цагт орсон. Бүлгийн хурал нээх удалгүй тарчихсан. Тэр үед сэтгүүлчид коридорт байсан.  Талийгаач миний өрөөнөөс гарахдаа их яарч, гадаа хүн хүлээж байгаа, ирэх сарын 14-ний уралдааны өмнөхөн утсаар ярья гэсэн. 


-Тухайн өдөр таныг Ерөнхий сайдтай маргасан гэх мэдээлэл байна?

Тэр өдөр намайг У.Хүрэлсүх сайдтай муудалцсан гэж мэдээлж байна.  Сүүлийн үед Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, 1072 хувьцааны ногдол, махны үнэ нэмэгдсэн асуудалд би шүүмжлэлтэй хандаж байгаа. Ажил хэргийн холбогдолтой иймэрхүү маргаан байж л байдаг.

Холбоотой мэдээ