Г.Занданшатар: Аудитын байгууллага сайн ажиллавал төр, төсөвт нүүрлэсэн хулгай үгүй болно

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-05-20 15:51:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндэсний аудитын газрын ажилтай өнөөдөр танилцав.


Төрийн аудитын байгууллага нь 98 жилийн түүхтэй бөгөөд 1922 онд Засгийн газрын Хянан байцаах хэлтэс нэртэй байгуулснаас  хойш 13 удаа бүтэц чиг үүргийг өөрчилж байжээ. 2003 онд баталсан Төрийн аудитын тухай хуулиар  тус байгууллага эрх зүйн шинэ тогтолцоонд шилжин ажиллаж байна. Улсын хэмжээнд нийт 389 аудитор ажиллаж байгаагаас 80 гаруй хувь нь мэргэшсэн санхүүч, нягтлан бодогч нар аж. Нэг аймагт дунджаар, 10-12 хүний бүрэлдэхүүнтэй аудитын байгууллага ажилладаг гэдгийг Стратеги удирдлагын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Д.Энхболд танилцуулав.


2018 онд нийт 4104 аудитыг гурван төрлөөр гүйцэтгэжээ. Үүнээс санхүүгийн тайлангийн аудит 3806, гүйцэтгэлийн аудит 201, нийцлийн аудит 97 хийсэн байна. Төрийн аудитын байгууллага жилд зөвхөн санхүүгийн аудитыг 6213 байгууллагад хийх ёстой ч хүний нөөцийн боломж хүрэлцээгүйгээс 50 хувьд нь гүйцэтгэдэг аж. Ажилтнуудын ажлын ачаалал их байдаг бөгөөд нэг ажилтан дунджаар жилд 30 гаруй мянган цаг илүү ажилладаг байна. 2018 онд гүйцэтгэсэн гурван төрлийн аудитаар18.8 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлж, тайланг УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлдэг болж, 2018 онд 6 тайланг хэлэлцүүлсэн нь сайн жишиг болж байгааг мэргэжилтнүүд хэлж байв.


Төрийн аудитын байгууллагын хууль эрх зүйн хараат бус байдлыг бусад орны жишгээр Үндсэн хуулиараа баталгаажуулах шаардлага байгааг Үндэсний аудитын газрын Чанарын баталгаажуулалтын албаны дарга бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Батбаяр хэллээ. Мөн Компанийн тухай, Төрийн аудитын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудад давхардал, зөрчил байгааг арилгах, төсөв санхүүгийн хараат бус байдлыг хангах, боловсон хүчнийг сургаж, бэлтгэхэд УИХ анхаарч, шийдвэрлэж өгөхийг УИХ-ын даргаас хүссэн юм. Тодруулбал, хуучин тогтолцооны үед мэргэшсэн, салбартаа олон жил ажилласан нягтлан бодогч нарыг шилж, шигшиж авдаг байсан бол одоо залуучууд голдуу ажиллаж байгаа юм. Нэг талаар давуу талтай ч нөгөө талаар төрийн болон аудитын ажлын дадлага туршлага дутмаг аж.


УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн аудитын байгууллагын гаргаж буй дүгнэлт үлбэгэр, үйл ажиллагаа сулбагар гэсэн шүүмжлэл их бий. Татвар төлөгчдийн хөрөнгөөр хуримтлуулсан төсвийн орлогын зарцуулалтад хяналт тавих үндсэн үүрэгтэй байгууллага бол танайх. Аудитын байгууллага сайн ажиллавал төсөвт, төрд хулгай байхгүй болдог. Гэтэл төсөвт, төрд хулгай нүүрлэлээ гэсэн яриа газар авсан. Эндээс ажилдаа дүгнэлт хийж, эрс өөрчлөх, шинэчлэх цаг болсон гэдэг нь тодорхой. Аудитын байгууллага сайн ажиллавал авлигын индекс буурна. Ард түмэн шударга ёсыг хүсэж, хүлээж байна. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны чанар чансаа, үр ашиг ямар байгааг та бүхэн надаар хэлүүлэлтэй мэдэж байгаа.  Төр, төсвийн хулгайг зогсоож чадвал манайх шиг нөөц баялагтай улс орон асар хурдацтай хөгжиж байгаа жишиг бий. Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, төрийн хяналт шалгалтын үйл хэрэгт шинэчлэлт өөрчлөлт хийж, хариуцсан ажилдаа амжилт гаргахыг хүсье" гэлээ.


Мөн Төрийн аудитын тухай хуулийг өөрчилж, цахим тогтолцоонд шилжүүлэх, ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд УИХ бүх талаар дэмжин ажиллана гэв.

Холбоотой мэдээ