“Гурван хүүхэд хайрцганд тээвэрлэхийг завдсан” гэсэн худлаа мэдээлэл цацагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-05-20 22:36:32

Хөвсгөл /МОНЦАМЭ/. “Хөвсгөл аймгаас хот хоорондын зорчигч тээврийн автобусаар гурван хүүхэд хайрцганд хийж тээвэрлэхийг завдсан байна” гэсэн мэдээлэл Зариг болон 24 цаг сайтаар олон нийтэд цацагдсан юм.

Энэ тухай Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дэд дарга,Цагдаагийн хошууч Г.Оргилболдоос тодруулахад, тус аймгийн Цагдаагийн газарт албан ёсоор бүртгэгдсэн хэрэг байхгүй байна. Харин яагаад ийм мэдээлэл цацагдах болсон шалтгааныг тодруулахаар шалгаж эхэлсэн гэдгийг мэдээллээ.

Мөн тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас тодруулахад ийм хэрэг зөрчил гараагүй, Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд дотор ч ийм хэргийн улмаас эмчлүүлж байгаа хүүхэд байхгүй гэдгийг хэлж байлаа. Ийнхүү одоогоор хууль хяналтын байгууллагад албан ёсоор бүртгэгдсэн хэрэг зөрчил гараагүй байна. Харин олныг цочирдуулсан тус мэдээлэлийг  хэн хаанаас ямар эх сурвалжаас олон нийтэд мэдээлснийг шалгаж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ