Алтанбулаг, Сүхбаатар боомтуудыг дэлхийн жишигт хүргэх төслийн ажил эхэллээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-05-21 14:00:07

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтод “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” хэрэгжиж эхэллээ. Эл төсөл нь гурван үндсэн хэсгээс бүрдэж байгаа аж. Тодруулбал нэгдүгээрт, боомтын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчилнэ, хоёрдугаарт, гаалийн автоматжуулсан системийг өргөтгөн, шинэчлэх бол гуравдугаарт, гадаад худалдааны нэг цонхны цахим үйлчилгээг нэвтрүүлэх гэнэ.

Төслийн үр дүнд Алтанбулаг боомт зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцолбор, гааль, мэргэжлийн хяналтын лаборатори, агуулах, түргэн муудах бараа бүтээгдэхүүний болон эрэлч нохойн байр, ус, дулаан дамжуулах төв зэрэг бүтээн байгуулалтыг хийх ажээ.  

Төсөл хэрэгжсэнээр Алтанбулаг боомтын барилга, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчилж, зам, талбай, орчны тохижилтыг дахин төлөвлөн, орчин үеийн төхөөрөмжөөр тоноглон, дэлхийн жишигт хүргэх юм. Ингэснээр гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, өрсөлдөх чадвар сайжран, иргэд, бизнес эрхлэгчид хүлээгдэл, чирэгдэлгүй ая тухтай зорчих боломжтой болох юм байна.

Алтанбулаг, Сүхбаатар боомтуудыг улсын жишигт хүргэх зорилго бүхий энэхүү “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 29 сая ам.долларын өртөгтэйгээр 2022 он хүртэл хэрэгжүүлэх юм байна. Эл төслийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж, ийнхүү ажлаа эхлүүлж байгаагаа Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн болон холбогдох албаныхан энэ сарын эхээр Сэлэнгэ аймагт ажиллаж, Монгол Улсын хоймор болсон Алтанбулаг дахь хилийн боомтын үйл ажиллагаатай танилцах үеэрээ албан ёсоор мэдэгдлээ.  

Мөн төслийн хүрээнд Алтанбулаг боомтоор хил нэвтэрч буй тээврийн хэрэгслүүд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын авто замаар дайран өнгөрч ачаалал үүсгэдэг байдлыг харгалзан үзэж боомтод зориулан 1.7 км хатуу хучилттай, дөрвөн эгнээ авто зам тавих аж. Түүнчлэн Сүхбаатар хилийн боомтод нэг цэгийн үйлчилгээний зургаан давхар цогцолборыг барьж, 2021 онд ашиглалтад өгөх ажлуудыг хийхээр эхлээд байна. 

Холбоотой мэдээ