Лимбийн өв соёлыг ЮНЕСКО-д бүртгүүлэх төсөл хэрэгжүүлж байна

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-05-21 14:26:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШСЯ-ны Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Монголын Лимбэчдийн холбоо ТББ хамтран "Монгол уртын дуу лимбэдэх уламжлалт арга битүү амьсгааг өвлүүлэн уламжлуулах, тогтворжуулах нь" төслийг 2019-2021 онд ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төслийн явц, лимбэ сургалтын тухай өнөөдөр Театрын музейд үзэсгэлэн гаргаж, уулзалт зохион байгууллаа.

2011 онд Монгол Улсаас "Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа" өвийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад оруулсан байна. Энэ өвийг хамгаалах, уламжлуулах, тогтворжуулахын тулд Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ, Соёлын өвийн үндэсний төв болон төрийн бус байгууллагынхан хамтраад дээрх төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ төслөөр СУИС, Монгол Улсын консерватори, Хүүхдийн Урлан бүтээх төв, Ховд, Завхан, Өмнөговь, аймгуудад лимбэний шавь сургалтын танхим байгуулаад байна. Сургалтад зориулсан DVD бүхий гарын авлага гаргахаар бэлтгэж, лимбэ хийх, лимбэ сургах аргуудыг харуулсан баримтат кино хийж байгааг Соёлын өвийн үндэсний төвийн дарга Ц.Энхбат танилцуулав.


ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын нарийн бичгийн дарга С.Уянга "Соёлын биет бус өвийн жагсаалтад 14 өв бүртгүүлж, одоогоор 6 өвийг  жагсаалтад оруулсан. 2011 онд Монгол уртын дууг анх яаралтай хамгаалах бүртгэлд оруулж байсан бол одоо монголын уул, овоо тахих ёслол, монгол туулийг бүртгүүлэхээр болсон юм. Энэ хүрээнд "Монгол туулийн өргөө" барьж ашиглалтад оруулна. Мөн лимбэ урлах, шавь сургалтыг сэргээх ажлыг ч бид хийж эхлээд байна. 2021 онд төслөө дуусгаад ЮНЕСКО-д 2022 онд бүртгүүлнэ" гэв. 


Театрын музей уг төслийг хамтран хэрэгжүүлэгч бөгөөд өнөөдөр лимбэний үзэсгэлэнг гаргаж байна. Үзэсгэлэнгийн нээлтээр СУИС, Консерватори, Хүүхдийн урлан бүтээх төвийн лимбэ сурч буй хүүхэд, оюутнууд лимбийн эгшиг уянгалуулж зочдыг уяраалаа. Лимбэчдээс анхны гавьяат цолыг Цэрэндорж гуай 24 насандаа хүртэж байжээ. Түүнээс хойш МУГЖ цолоор М.Бадам, Д. Галсантогтох нар ч шагнуулсан юм. Лимбэ хөгжмийг сонирхох хүүхэд залуусын тоо ч нэмэгдсэнийг энэ  үеэр дуулгалаа.  

Холбоотой мэдээ