П.Мягмарсүрэн: Хүний хөгжлийн хамгийн эрчимтэй үе нь ерөөсөө 6 настнууд юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-21 22:38:38

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн БСУСГ-ын бага боловсрол хариуцсан мэргэжилтэн П.Мягмарсүрэнтэй уулзаж, 1-р ангид элсэн суралцагсад болоод бага боловсролын салбарт хийж байгаа шинэчлэлтийн талаар ярилцлаа.


-Сайн байна уу. Энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын боловсролын салбарын тогтолцоонд өөрчлөлт орж 6 настайгаас нь сургуульд элсүүлдэг болсон. Энэ салбарыг хариуцсан бас бодлогыг нь зангидахад нөлөөлдөг хүний хувьд ямар бодол саналтай явдаг вэ?

-2008 оноос эхлэн Монгол Улсын боловсролын салбарын тогтолцоонд өөрчлөлт хийж, 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжээд 6 настай хүүхдийг сургуульд элсүүлдэг болсон. 18 нас хүртэлх хүнийг л хүүхэд гэнээ гэж ЮНЕСКО-ийн тунхаглалд заасан байдаг. Үүний гол шалтгаан нь өнөөдөр бид 7 настай хүүхдийг сургуульд элсүүлээд 12 жилийн дараа төгсөхөд 19 настай хүүхэд болох болчоод байгаа биздээ. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн том хүн дунд сургууль төгсөх болчоод байгаа юм. Иймээс энэ нь эцэг эхчүүдэд хамгийн анхдагч ойлголт болох ёстой. Цаашлаад дэлхийн жишигт 5-6 настай хүүхдийг сургуульд элсүүлдэг туршлага байдаг. Энэ бүх туршилт судалгаан дээр үндэслэгдээд хүний хөгжлийн хамгийн эрчимтэй үе нь ерөөсөө 6 настнууд юм байна. Энэ хүүхдүүд гэр орондоо ч, хаана ч тэр “яагаад” гэдэг асуултыг маш их тавьж байдаг. Ийм сониучхан байгаа тэр үед нь хүүхдийг сургаж, аливаа бодит байдлыг мэдрүүлж, зааж, сургаж өгвөл илүү хүлээж авах боломж өндөр, үр дүнтэй байдаг гэдэг нь сэтгэл зүйн судлаачдын судалгааны үндсэн дээр гарч ирсэн нотолгоотой юм. Энэ шалтгаанаар зургаан настай хүүхдийг сургуульд элсүүлэх болсон гэж ойлгох хэрэгтэй.   

-Тэгэхээр 6 настай хүүхдийг сургуульд элсүүлэх журам ямар байдаг юм бол. Энд 5 настай хүүхэд элсэн орох боломж бий юу?

-Өнөөдөр 6 настай хүүхдийг элсүүлэхэд ямар асуудал тулгардаг вэ гэхээр эцэг эхчүүд маань 5 настай хүүхдийг оруулах гээд зүтгээд байдаг. Энэ маань байж боломгүй зүйл гэдгийг анхааруулах хэрэгтэй. БСШУСЯ-наас тодорхой шийдвэрийг гаргаад хамгийн сүүлд энэ оны 4 дүгээр сард 200 тоот тушаалаараа энэ талаар зохицуулж өгсөн байгаа. Уг тушаалд тухайн ондоо багтаж төрсөн хүүхдийг л 6 настай хүүхэд гэж нэрлэнэ ээ гэж. Өнөөдөр 2019-2020 оны хичээлийн жилд 1-р ангид элсэх хүүхдийг элсүүлж авахдаа 2013 онд төрсөн, тодруулбал 2013 оны 01-р сарын 01-ний өдрөөс уг оныхоо 12-р сарын 31-ний өдөр төрсөн хүүхдийг 6 настай гэж үзэн элсүүлнэ. Харин 2014 оны 01-р сарын 01-нээс хойш төрсөн хүүхдүүд бол орохгүй байх нь.Эдгээр хүүхдүүдийг бүртгэх ажлыг сургууль бүр дээр харилцан адилгүй хугацаагаар хийж байна. Ихэвчлэн 5 сардаа багтаан хийж дуусган тоон мэдээллээ яам руугаа явуулдаг. Мөн энэ 200 тоот тушаал дээр анх 1-р ангид элсэн орж байгаа 6 настай хүүхдүүдээс шалгалт авахгүй байхыг зааж өгсөн. Зөвхөн тусгай урлагийн сургуульд орж байгаа хүүхдүүдээс тодорхой авьяас чадварын шалгалт авна гэж заасан. Өөр бусад өмчийн сургуулиудад элсэж байгаа хүүхдүүдээс шалгалт авахгүй байхаар шийдвэрлэж өгсөн.

-Сүүлийн үед боловсролын салбарын шинэчлэлт гээд их л ярих болж. Энэ шинэчлэлт хэр үр дүнтэй ажил болж байна. Ялангуяа бага боловсролын тухайд . . .?

-2014 оноос манай салбарт боловсролын чанарын шинэчлэлт хийж байна. Энэ ажлын хүрээнд боловсролын салбарын мэдээллийн систем шинэчлэгдэж байгаа. Энэ мэдээлэл дээрээс бүх хүүхдийн асуудал тодорхой харагдах болсон. Тухайлбал цахим бүртгэлээр эцэг эхчүүд хүчээр хүүхдээ сургуульд оруулах гээд байгаа зүйл чинь болохгүй юм шүү, төрсөн оноороо тэр хүүхдийн мэдээлэл бүртгэгддэг учраас таны хүүхэд хэрвээ 5 настай элсэн орсон бол тухайн жилийн мэдээлэлд орохгүй, бүр дараагийн 6 настнуудын мэдээлэлд ч орохгүй үлдэх эрсдэлтэй. Иймээс үүнийг сайн ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл 5 настай орсон хүүхэд мэдээллийн санд бүртгэгдэхгүй явсаар дараа жил нь 6 нас хүрэх нөхөөд оруулна гэсэн зүйл байхгүй. Иймээс тухайн хүүхэд тухайн ондоо л элсэн орох ёстой.  

-Бага боловсролын сургалтын агуулга, онцлогийн талаар. Энэ жилээс шалгалт авахгүйгээр элсүүлэх боллоо гэлээ. 1-р ангид орж байгаа хүүхдүүд хэчнээн цагийн хичээл үзсэн байх ёстой вэ?

-Нэг үеэ бодвол манай эцэг эхчүүд ойлгож мэддэг болсон байна. Ихэвчлэн сүүлийн үеийн залуусын хүүхдүүд 1-р ангид орж байгаа. Өмнөх байдалтайгаа харьцуулаад бэлтгэл анги нь хэзээ орох юм бэ гэж асууж сураглах явдал багассан. Одоогоос 2-3 жилийн өмнө бэлтгэл анги яригддаг байсан. Одоо бол байхгүй болсон. 1-р ангид орох гэж байгаа хүүхдийг хавар бүртгээд ерөнхий тоон мэдээгээ аваад тухайн сургууль багшаа бэлтгэж, анги танхимынхаа бэлтгэл бэлэн байдлыг хангадаг. Ингэж урьдчилсан бэлэн байдлыг хангах үүднээс хавар хүүхдийнхээ тоог авдаг. Намар 9-р сарын 1-нд хүүхдүүд маш их баяр хөөртэй сургуульдаа ирдэг.  

Ерөнхийдөө 1-р ангид орж байгаа хүүхдүүдэд 9-р сарын 1-нээс эхлээд 60 цагийн бэлтгэл хөтөлбөр ордог. Энэ бол гурван долоо хоног үргэлжилнэ гэсэн үг. Энэ хугацаанд л хүүхдийн суурийг зөв тавьж, үзгийг нь зөв бариулж сургах, ном, дэвтрээ эмхэлж, цэгцлэх, цүнхэндээ хэрхэн яаж хийх, цүнхээ яаж үүрэх, ямар цүнх бариулах, ямар ямар хичээлийн хэрэглэлийг хэрэглэх үү гэдгийг зааж сургадаг. Мөн тухайн хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаанууд явуулдаг. Өөрөөр хэлбэл цэцэрлэгээс сургуульд шилжиж байгаа онцгой шилжилтийн үе шүү дээ. Иймээс үүн дээр багш нар маш сайн анхаарч ажиллах хэрэгтэй болдог. Манай газраас жил бүр 1-р анги авч байгаа багш нартаа арга зүйн сургалтыг маш сайн хийдэг. Мөн тодорхой бэлтгэл зүйн аргачлалтай ном, гарын авлага гаргасан байгаа. Иймээс заавал хүүхдийг бэлтгэл ангид урьдчилан явуулья гэсэн асуудлыг ярих шаардлагагүй юм аа гэдгийг эцэг эхчүүддээ дахин хэлмээр байна.

-Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэчнээн хүүхэд шинээр сургуульд элсэн орох вэ?

-Ноднин жил нийтдээ 2300 гаруй хүүхэд 1-р ангид орсон. Энэ жилийн хувьд аймгийн хүн амын статистик мэдээгээр 5 настай хүүхдийг шилжүүлээд харахад 2500 гаруй хүүхэд элсэхээр байгаа. Энэ маань 200 хүүхэд урд жилийнхээс илүү орохоор тооцоо байгаа.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

 

 

Холбоотой мэдээ