У.Хүрэлсүх: Аялал жуулчлалын салбарын хөгжилд жолооч нарын оролцоо чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-21 18:21:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд жолооч миний гүйцэтгэх үүрэг” жуулчин тээврийн жолоочдын анхдугаар чуулган Төрийн ордны их танхимд өнөөдөр болов. Ирэх онд нэг сая жуулчин хүлээн авах Засгийн газрын зорилтыг биелүүлэхэд жолооч бүрийн оролцоо чухал гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг нээх үеэрээ онцолсон юм. 


Тэрбээр, "Засгийн газраас аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмж, 2020 он гэхэд нэг сая гадаадын жуулчин хүлээн авахаас гадна салбарын орлогыг 1.1 сая ам.долларт хүргэх зорилт тавьсан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд жолооч нэг бүрийн оролцоо чухал бөгөөд үүнийг төрөөс дэмжиж, хамтран ажиллана. Монгол Улсад жилд ирэх жуулчдын тоо нэмэгдэж, тус салбараас олох орлого тасралтгүй өссөөр байна. Аялал жуулчлалын салбар нь газрын тос, хүнс, авто машины салбарыг давж, дэлхийн олон улс орны нийгэм, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болжээ. Өнгөрсөн онд манай улсад гадаадын 529 мянга гаруй жуулчин аялж, эдийн засагт 569 сая ам.долларын орлого оруулж, дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2 хувийг бүрдүүлсэн төдийгүй 35 мянган ажлын байр бий болгосон" гэлээ.


Мөн тэрээр, "Аав ээж хоёр минь хоёулаа тээврийн жолооч. Тийм болохоор жолоочийн ажил хөдөлмөр амьдралын минь салшгүй нэг хэсэг. Жолооч нарын зовлон жаргалыг ч сайн мэднэ. Та бүгдийн нуруун дээр зөвхөн гэр бүлийн чинь амьдрал төдийгүй Монгол Улсын аялал жуулчлалын үйлчилгээний салбарын хүнд ачаа явдаг гэж боддог. Аялалаар ирсэн жуулчдыг монгол орноор амар тайван, аюулгүй аялуулж олон дурсамж бий болгоход та бүхний хариуцлага, санаачлага, ажилдаа эзний ёсоор хандах сэтгэл чухал юм” хэмээв. 



Чуулганд аялал жуулчлалын 67 байгууллагын 600 гаруй жолооч оролцсон бөгөөд жуулчин тээврийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, цаашид хийх ажлуудын талаар төр, хувийн хэвшлийнхэн хамтран хэлэлцсэн юм.  


Зорчигч, жуулчдын аюулгүй байдлыг хангаж, үйлчилгээний соёлыг баримтлан аялалын бүрэлдэхүүн, хөтөчтэй нягт хамтран ажиллах нь  жуулчин тээвэрт явж буй жолоочдын эрхэмлэх зүйл гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат онцолсон.



Тэрбээр, “Монгол Улсыг зорин ирэх гадаад жуулчдын тоог нэмж, салбарын хүний нөөцийг бэлтгэн, чадваржуулахад Засгийн газар анхаарч байна. Үүний нэг жишээ бол зочлох үйлчилгээний салбарт ажиллаж буй мэргэжилтэн, боловсон хүчнийг есөн чиглэлд мэргэшүүлэх юм. Тодруулбал, энэ сарын 25-наас ирэх сарын 25-н хүртэл орон даяар зочлох үйлчилгээний буюу зөөгч, бармен, тогооч, жолооч, угтах үйлчилгээ зэргээр 13-15 мянган иргэнийг өлбөргүй мэргэшүүлэх сургалтыг БОАЖЯ-наас эхлүүлж байна. Энэ нь иргэдийг ажлын байртай болгож ядуурлыг бууруулах, зочлох үйлчилгээний салбарын чанарыг дээшлүүлэх, цаашлаад улс орныхоо эдийн засагт оруулж буй бодит хувь нэмэр юм. Энэхүү сургалтад жуулчин тээврийн жолооч бүр хамрагдсан байх ёстой” гэв. 



Хэлэлцүүлгийн үеэр жолооч нараас гарсан саналыг чуулганы төгсгөлд холбогдох байгууллагад хүргүүлэхээр тогтсон юм. Тухайлбал, Жуулчин тээврийн наалтын хүчинтэй хугацааг сунгаж, олгох хэмжээг өөрчлөх, мэргэшсэн жолоочийн эрхийг урт хугацаагаар өгөх, жуулчид ихээр очдог газарт нэвтрэх зөвшөөрөл, эрхийг хүрэлцэхүйц хэмжээнд өгөх,  наадмын билет, зогсоолын асуудлыг шийдвэрлэж, жуулчдад өргөн цар хүрээнд хүргэх зэрэгт анхаарахыг хүссэн юм.

Холбоотой мэдээ