Ирэх онд 42 цэцэрлэг, 66 сургууль барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-21 19:35:47
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх онд шинээр 42 цэцэрлэг, 66 сургууль барьж ашиглалтад оруулахаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгажээ. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр танилцуулахдаа дурдлаа. 


Тус байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Тогтоолын төсөл нийт 5 бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг мөн тусгасан гэдгийг Сангийн сайд тайлбарласан. 


Салбарын яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээний саналыг үндсэн чиглэлийн төсөлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ.


Түүнчлэн шинээр 41 соёлын төв, музей, театр, 15 спорт цогцолбор, ордон, заал ашиглалтад оруулж, орчин үеийн музейн стандарт шаардлагыг хангасан Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрыг шинээр байгуулна гэлээ.

Зонхилон тохиолдох өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах, тандалт, эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулах, эрүүл мэндийн даатгалд хамрагддаг эмчилгээ, үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлэхээр тусгасныг мөн дурдсан.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, дээр дурдагдсан сургууль, цэцэрлэгүүд бүгд ирэх онд ашиглалтад орох эсэх, сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөдөг ч газар чөлөөлөлтийн асуудлаас болоод ажил зогсдог асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар лавлаж байв. Сангийн сайдын хариулснаар, 19 обьектыг барих ажил газар чөлөөлөөгүйгээс зогсоод байгаа бөгөөд цаашид нийслэлээс газар олгоод, түүнийг нь чөлөөлж, худалдаж авах мөнгийг төсвөөс гаргадаг байдлыг таслан зогсоохоор ажиллаж байгааг хэлсэн. Цаашид нийслэлийн удирдлага газрын асуудлыг шийдэж байх, чөлөөлөх шаардлагатай бол хот, орон нутгийн төсвөөс мөнгийг нь гаргаж байх талаар ярилцаж байгаа гэлээ.


Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.


Дараа нь Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын багийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын багийн ахлагч М.Оюунчимэг танилцуулав.


Төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр олонхын дэмжлэг авсан саналыг тусган, хуралдаан даргалагчийн зүгээс төслийн зарим, зүйл заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажиллаж, ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулсан байна.


Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураахад, Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ