“АНУ Ирантай дайтна” гэж Америкчуудын тэн хагас нь үзэж байна

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-05-22 14:38:01

ВАШИНГТОН. /Reuters/. “АНУ Ирантай ойрын хэдэн жилийн хугацаанд дайтна” гэж Америкчуудын тэн хагас нь үзэж байгааг “Reuters” агентлаг, “Ipsos” судалгааны байгууллагын явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Тавдугаар сарын 17-20-нд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, АНУ-д учруулж болзошгүй Ираны аюул заналд санаа зовних хүмүүсийн тоог өнгөрсөн оныхтой харьцуулахад нэмэгдсэн байжээ. Гэсэн хэдий ч хэрэв Иран АНУ-ын эсрэг дайн өдөөвөл хариу цохилт өгөх хэрэгтэй гэж таван хүн тутмын дөрөв нь үзсэн байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн тавдугаар сард Ираны эсрэг байр сууриа чангатгаж, тус улсын нефтийн экспортод хориг тавьснаас хойш хоёр орны харилцааны хурцадмал байдал өсөн нэмэгдсэн юм.


Санал асуулгад оролцогчдын 51 хувь нь АНУ Ирантай ойрын хэдэн жилийн хугацаанд дайтаж магадгүй хэмээх үзэж буй нь өнгөрсөн оны зургадугаар сард явуулсан ижил төрлийн судалгааны дүнгээс 8 хувиар өсжээ. Энэ удаагийн санал асуулгын үеэр Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын дэмжигчдийн аль аль нь Ираныг аюул занал хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна.


Reuters” агентлаг болон “Ipsos” судалгааны байгууллагын мэргэжилтнүүд хамтран АНУ даяар явуулсан цахим санал асуулгад насанд хүрсэн 1007 хүн оролцсоны дунд Ардчилсан намыг дэмжигч 377 хүн, Бүгд найрамдах намыг дэмжигч 313 хүн байжээ. 

Холбоотой мэдээ