ЖДҮ-гийн үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-05-22 15:15:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, МҮХАҮТ, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл-инновацийн газраас хамтран зохион байгуулсан “ЖДҮ-ийн бүтээгдэхүүн үйлчил­гээ, технологи-2019” олон улсын үзэс­гэлэнгийн шилдгүүд тодорлоо.

“Мишээл экспо” төвд 4 хоног болсон 22 дахь удаагийн “ЖДҮ-ийн бүтээгдэхүүн үйлчил­гээ, технологи” үзэсгэлэн худалдаанд дотоодын 150 гаруй үйлдвэрлэгч бараа, бүтээгдэхүүнээ дэлгэн оролцсон юм. Тэдгээрээс үзэсгэлэнгийн онцлох хүнсний бүтээгдэхүүнээр “Дөрвөн өлзий” ХХК-ийн “Аджика” халуун ногоотой хоол амтлагч нэрийн бүтээгдэхүүн, онцлох шинэ бүтээгдэхүүнээр “Сарана фүүдс” ХХК-ийн зөгийн лаваар хийсэн тосон “Органик харандаа”, онцлох экспортын багц бүтээгдэхүүнээр “Инару биомедикал" ХХК-ийн үндэсний эко брэнд ”Целлюлитийн эсрэг биеийн гуужуулагч“, “Адууны тостой уруулын бальзам” гоо сайхны бэлгийн багц, импортыг орлох бүтээгдэхүүнээр “Наран косметикс" ХХК-ийн “Мон дент” шүдний оо, “Заан фүүдс” ХХК-ийн “Саян" брэнд шоколад шалгарлаа.




Өрхийн үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүнээр иргэн Д.Энхтуяагийн “Уран хатгамал”, “Даалин болон хавтагны хээ” ном, оны онцлох сав баглаа боодолтой бүтээгдэхүүнээр “Эко эрдэнэ” ХХК-ийн “Өтгөрүүлсэн шүүс”, “Жимсний чанамал”, дэвшилтэт техник, технологи ноу хау нэвтрүүлсэн бүтээгдэхүүнээр барилгын дулаан тусгаарлах хонины ноосон материал, үндэсний өв соёл, уламжлалыг шинээгэсэн бүтээгдэхүүнээр “Дуут урлан” ХХК-ийн уламжлалт загварыг орчин үеийн хийцтэй хослуулан зэс гуулиар урлаж алт, мөнгөөр бүрсэн шатар, байгальд ээлтэй бүтээгдэхүүнээр “Хөгжил трейд” ХХК-ийн байгальд бүрэн задардаг хогны “Био уут, “Global trading development” ХХК-ийн “Star balm” “Nixoderm” 100 хувийн ургамлын найрлагатай эмчилгээний багц бүтээгдэхүүн тус тус шалгарлаа.


Дотоодын бараа бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадвар сайжирчээ





Шилдэг гарааны бизнес эрхлэгчээр шог зураач А.Бат-Эрдэнийн “Би чадна” хүүхдийн зургийн ном тодорч, үзэсгэлэнгийн шилдгийн шилдэг “Гран при” цом өргөмжлөлийг Монгол Улсад гал унтраагуур бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа “Эс Жс Некр” ХХК хүртлээ.

Шагнал гардуулах үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ, “Бидний зорилго ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэ­хүүнийг олон нийтэд таниулах, импортыг орлох өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг тодруулах явдал байлаа. Энэ бүхнийг бодлогоор болон бодитоор дэмжихэд анхаарлаа. Дотоодын ком­паниудын бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол маш сайхан болсон байна. Мөн зэрэгцэн бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадвар сайжирсан нь энэ удаагийн үзэсгэлэнгээс харагдлаа” гэдгийг онцолсон юм.

Б.Болд

 

Холбоотой мэдээ