Ё.Баатарбилэг:ЕБС-д сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-05-22 20:54:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд боловсролын салбарын гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр, сүүлийн үед гэр бүл, эцэг эх, олон нийтийн санамсаргүй үйлдэл, хайхрамжгүй байдлаас шалтгаалж хүүхэд аливаа эрсдэл, хүчирхийлэлд өртөх нь нэмэгдэж байна. Хүүхдийн эрх болон тэднийг хамгаалах хууль, эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч хүүхэд хамгааллын талаарх ойлголт, мэдлэг томчуудын дунд дутмаг байгааг онцлов.

Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны мэдээллээр энэ оны эхний 4 сарын байдлаар гэмт хэргийн улмаас 680 хүүхэд хохирчээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 486 гэмт хэрэг үйлдсэн байна. Сургалтын байгууллагын орчинд үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоо 23 байна.

Эдгээр тоо баримтаас үзэхэд гэр бүлийн орчинд “ээлтэй орчин” бүрдүүлэх зайлшгүй шаардлага байна. Үүний тулд гэр бүлийн хүүхдийнхээ цахим хэрэглээг хянах, хязгаарлах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлж, дадал хэвшил олгохыг эцэг эх, асран хамгаалагчид анхаарах цаг болжээ.

Боловсролын сургалтын байгууллагын удирдлага хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдийн судалгааг гаргаж, орон нутгийн хүүхэд хамгааллын хамтарсан баг, олон нийтийн хүчин чармайлтыг нэгтгэн, уялдаа холбоог ханган ажиллаж байна. 

Цаашид Хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах чиглэлээр

1. Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангах хүрээнд батлагдан гарсан дүрэм, журмуудын хэрэгжилтийг хангахад төр, төрийн бус байгууллагын дэмжлэгийг авч, хамтран ажиллах; 
2. Сургуулийн төсөвт хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг тусгах;
3. Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах;
4. Сургууль, дотуур байрын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах, бодлого боловсруулахад эцэг эхийн зөвлөл, олон нийтийг татан оролцуулах, байнгын дэмжлэг, түншлэлийг бий болгох, хүүхдэд зөв үлгэр дууриал үзүүлэх, харилцах, тэднийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх; 
5. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны хүүхдийн үдийн цай хоолны зардлыг нэмэгдүүлж, чанартай хоол хүнсээр үйлчлэх зэрэгт бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэх болно гэлээ.

Холбоотой мэдээ