Б.Баасандорж: УБЕГ-ын нотлох баримтын 99 хувь цахим хэлбэрт шилжсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-22 21:16:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.


Хууль зүйн дотоод хэргийн салбарт ирэх онд цагдаагийн байгууллагын хэт богино долгионы радиа холбоог шинэчилж, мэдээ мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, ажлын шуурхай байдлыг хангах, цагдаагийн байгууллагын авто паркын шинэчлэл хийхээр төлөвлөжээ. Мөн хилийн салбарын парк шинэчлэл хийх, улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх аж. Ингэхдээ төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн шуурхай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, төрийн архивуудын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх зэрэг бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаад байгаа аж.


Үндсэн чиглэлийн төсөлд тусгасан бодлогын зорилт, ажлыг хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 6 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 5.6 хувиас ихгүй байх үр дүн гарна гэж тооцсон байна.


Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Пүрэвдорж, Л.Мөнхбаатар нар асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авав. Тухайлбал, Засгийн газрын тогтоолоор ноднин 10 дугаар сард төрийн цахим шилжилтийг хийж дуусах үүргийг өгсөн ч УБЕГ-т энэ төрлийн техник, технологийн бололцоо бий эсэхийг тодруулсан.


УБЕГ нь 330 сум, нийслэлийн 152 хороо, 9 дүүрэг, 4 төв дээр эх нотлох баримтад тулгуурлан улсын бүртгэлийн 81, лавлагааны 36 төрлийн үйлчилгээг тус тус үзүүлдэг байна.  2010 оноос эхлэн тус байгууллага эх нотлох баримтуудыг цахимжуулж эхэлсэн нь одоо 99 хувийн гүйцэтгэлтэй байгаа хэмээн УБЕГ-ын дарга Б.Баасандорж мэдээлэв. Цахим шилжилттэй холбоотойгоор төрийн 80 гаруй байгууллагад үйлчилгээ үзүүлэх болсон гэв. Ноднин зургаадугаар сарын байдлаар улсын хэмжээнд 30 сум онлайн сүлжээнд холбогдсон байсан бол өнөөдрийн байдлаар, нэмж 39 сум, хороог холбоод байгаа аж. Энэ онд багтаан 120 сумыг нэмж онлайн сүлжээнд холбохоор төлөвлөн ажиллаж байгааг тэмдэглэв.  


Үргэлжлүүлэн төслийн зарим зүйл, заалтад найруулгын өөрчлөлт оруулахтай холбоотой санал, хуралдааны явцад УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураан шийдвэрлэсэн. Ингээд уг асуудлыг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Холбоотой мэдээ