“Huawei”-н бүтээгдэхүүнээс татгалзахыг БНСУ-д уриалж байна

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-23 15:15:23

СӨҮЛ. /Chosun Ilbo/. Huawei” компанийн тоног төхөөрөмж, технологийн бүтээгдэхүүнээс татгалзах санаачилгад нэгдэхийг АНУ БНСУ-д уриалж байна. Энэ тухай БНСУ-ын “Chosun Ilbo” сонин мэдээлсэн байна.


Эх сурвалжийн мэдээлснээр, “Huawei” компанийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж АНУ БНСУ-ын Гадаад хэргийн яаманд мэдэгдсээр байгаа аж.


Түүнчлэн Америкийн цэргийн объектууд байрладаг дүүргүүдэд “Huawei”-н тоног төхөөрөмж бүхий хөдөлгөөнт холбоог хэрэглэхээс татгалзахыг БНСУ-ын эрх баригчдаас АНУ шаардаж байгаа аж.


АНУ-ын болгоомжлолыг БНСУ-ын Гадаад хэргийн яам анхааралдаа авч байгаа хэдий ч эрх баригчид хувийн бизнесийн хэрэгт хөндлөнгөөс оролцож чадахгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. “Huawei” компанийн бүтээгдэхүүний импортыг зогсоовол БНСУ-ын бизнес эрхлэгчид хэдэн тэрбум ам.долларын алдагдал хүлээж магадгүй болохыг “Chosun Ilbo” цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ