П.Халиун: Монголын пони бэйсболын холбоо хүүхдийн бэйсболыг хөгжүүлнэ

Монголын мэдээ | Ярилцлага
bolor@montsame.mn
2019-05-24 19:14:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын пони бэйсболын холбоонд Дэлхийн болон Ази, Номхон далайн пони бэйсболын холбооны гишүүнчлэлийн гэрчилгээг энэ сарын 16-нд гардуулжээ. Байгуулагдаад сар гаруй болж буй Монголын пони бэйсболын холбооны гүйцэтгэх захирал П.Халиунтай ярилцлаа. Тус холбооныхон хүүхэд, өсвөр үеийнхний дунд бэйсболын спортыг хөгжүүлэх том зорилго тавьжээ.


-Монгол Улсад бэйсбол хэзээ анх үүсэж байв?

-1990-ээд оны дунд үеэс Монголын үндэсний бэйсболын холбоо гэсэн нэртэйгээр үүсгэн байгуулаад одоо 20 гаруй жил болж байна. Хүүхдийн бэйсболын баг байгуулах, дасгал хичээл хийлгэх, сургуулиудад яриа таниулга хийхэд их эмч Р.Байгаль гол үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд нэлээн хэдэн хүүхэд бэйсбол тоглодог болсон.


-Бэйсбол өртөг өндөртэй спорт. Бэрхшээлтэй зүйл хэр тохиолдож байв?

-Бэйсбол хүнд хэцүү спортын нэг. Тусгай хувцас шаарддаг. Бөмбөг, цохиур, нүүр, толгойн хамгаалалтын төмөр дуулга гэх мэт маш их зүйл шаарддаг. Гэхдээ бид тухайн үед Япон, Солонгос, Филиппин, Тайвань зэрэг оронтой харилцаа холбоо тогтоон, тусламж авдаг байсан. Мөн Азийн бэйсболын холбоо, Дэлхийн бэйсболын холбоо гэхчлэн хэд хэдэн байгууллагад гишүүнээр элсэн, нэлээн ажил хийсэн. Ялангуяа, Японы бэйсболын холбоо, япончууд их дэмжсэн. Ингэхдээ Монголын хүүхэд залуучуудад бэйсбол тоглох талбай барьж өгье гээд санхүүжилт босгоод, Төв цэнгэлдэх хүрэээлэнгийн дэргэдэх бэйсболын талбайг 1998 онд барьж өгсөн юм. Түүнээс хойш 2000 он гараад бид амьдралаа хөөгөөд явахад, өөр хүмүүс үргэлжлүүлж тодорхой хэмжээнд ажилласан. 1990-ээд оны үед манай тамирчин хүүхдүүд хэд хэдэн тэмцээнд орж, амжилт гарган монгол хүүхэд сайн тоглож чадах юм байна гэдгийг харуулсан. Монголд бэйсбол тоглоход цаг агаар нөлөөлнө.  Гадаа тоглодог учраас өвөл хичээллэх боломжгүй спорт шүү дээ.


-Тэгвэл, Монголын пони бэйсболын холбоог ямар зорилгоор байгуулав. Пони гэдэг нь ямар утгатай вэ?

-Монголын пони бэйсболын холбоог 2019 оны дөрөвдүгээр сарын 12-нд  байгууллаа. Яагаад шинээр ийм холбоо гэж байгуулав гэхээр, Бэйсболын холбоо том хүүхэд, томчуудтай ажилладаг. Пони гэдэг бол жижиг гэсэн утгатай. Тиймээс хүүхдийн бэйсбол гэж хэлж болно. Бид бэйсболыг хөгжүүлэхийн тулд, юуны өмнө хүүхэд, өсвөр насныхны дунд л хөгжүүлэх ёстой. Тэгээд ч энэ спортоор тоглож байсан хүүхдүүд одоо цөм 30 нас дөхөж байгаа. Тэд хүүхдүүдэд туслая, зааж өгье гэж байгаа. Хүүхэд, өсвөр үеийнхэн гэхээр, 6 -14 насныхан юм. Дотроо хэд хэдэн ангилалтай. Хүүхдэд зориулан талбайгаа багасгадаг, бөмбөг нь зөөлөн, цохиур нь хөнгөн болдог.  Т.Ариунболд багштай нийлж хүүхдийн нэг баг босгосон.


-Саяхан та бүхэн Дэлхийн болон Ази, Номхон далайн пони бэйсболын холбооны гишүүнчлэлийн гэрчилгээ гардсан гэж сонслоо?

-Шинээр байгуулсан бэйсболын холбоог Ази, Номхон далайн пони бэйсболын холбоонд элсүүлсэн. Мөн Америкт байдаг Олон улсын пони бэйсболын холбоо Монголын холбоонд баяр хүргэсэн. Ази, Номхон далайн пони бэйсболын холбооны ерөнхийлөгч болон Японы пони бэйсболын нийгэмлэгийн ерөнхийлөгч ноён Насу Такэхару, нарийн бичгийн дарга Канжи Омотани, Монгол дахь АНДПБХ-ны төлөөлөгч ноён Китагава Масахиро нар Монголд хүрэлцэн ирж Монголын пони бэйсболын холбоо /МПБХ/-ны ерөнхийлөгч, “Импэриал ХХК-ийн захирал Т.Мөнхбаярт гэрчилгээ гардууллаа. Хүндэт зочид манай тамирчин хүүхдүүдэд бэйсболын бээлий, бөмбөг, цохиур зэргийг бэлэглэсэн.

Пони бэйсбол нь АНУ-д анх үүсэж PONY /Protect Our Nation’s Youth/ Үндэсний залуучуудаа хамгаалъя гэсэн зорилгыг дэвшүүлэн эдүгээ дэлхийн 100 гаруй оронд дэлгэрэн хөгжиж байна.


-Манай хүүхдүүд хэр сонирхож байна вэ. Одоо хэчнээн хүүхэд тоглож байгаа вэ?

-Хүүхдүүд бэйсболд их дуртай, сонирхдог. Охидууд хүртэл ирдэг. Одоогийн байдлаар, нэг баг бүрдсэн. Мөн дөнгөж сонирхож байгаа 20, 30 хүүхэд байна. Тэгэхдээ одоогоор тэмцээн уралдаанд орохгүй. Японд энэ долдугаар сард бага насныхны дунд нэг тэмцээн болно.  


-Энэ тэмцээнд манай тамирчид оролцох уу?

-Хүүхдүүдээ ганцхан сарын дотор бэлдэж амжихгүй учир оролцохгүй. Харин ирэх жил  Америкт  олон улсын тэмцээн болно. Түүнд одооноос багаа бэлдэх хэрэгтэй гэдэг саналыг бидэнд тавьсан. Бид саналыг хүлээж авсан.


-Ирээдүйд амжилт гаргахад  багаас нь бэлдэх нь чухал. Монголчуудыг багийн спортоор амжилт гаргах нь тааруу гэдэг.  Монголд бэйсбол хөгжих хэр боломжтой гэж та үзэж байна вэ?

-Тийм ээ. Баг гэдэг үг их чухал. Бэйсбол нь хүүхдэд багаас нь нэг баг, нэг санаа, нэг хүчээр тодорхой зорилгод хүрэх хүмүүжил олгодог. Монголд бэйсболын талбай ганцхан байгаа.  Дүүргүүдэд бэйсболын талбай байгуулахаар Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-тай ярилцан, дүүргийн нэг хорооны нутагт нээлттэй талбай байгуулахаар ажиллаж байна. Хүүхэд, өсвөр насныхныг хамгаалах, дэмжих, зөв хүн болж өсөхөд нь дэмжлэг үзүүлэх, бэйсболын спортыг хөгжүүлэх зорилготой манай холбоо цаашид ЕБС-иудад түшиглэх, БСШУСЯ-тай зөвшилцөн сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах, биеийн тамирын хичээлээр бэйсбол тоглодог болгох зэрэг зорилттой ажиллаж байна.


-Тамирчдын хувцас, хэрэглэлийг хэрхэн шийдэх вэ?

-Бид аль болох  гадны орнууд, гадны пони бэйсболын байгууллагатай хамтран ажиллах, тэднээс тодорхой хэмжээний дэмжлэг авах талаар ажиллана. Пони бэйсболын төв нь Америкт байдаг. Тэд манай холбоо байгуулагдсан талаарх мэдээг хүлээн авч, их дэмжиж байгаа.


-Ярилцсанд тань баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.

-За баярлалаа.





 

Холбоотой мэдээ