Төсөл хөтөлбөрүүдийн хамгийн өгөөжтэй нь Малжуулах хөтөлбөр гэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-29 09:40:33

Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрийн тухай мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор нээлттэй өдөрлөгийг Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.

Арга хэмжээнд ажил олгогч, ажил хайгч иргэд, бизнес эрхлэгчид зэрэг 500 гаруй хүн оролцож, “Ажил орлоготой Монгол хүн” хөтөлбөр, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл авсан юм.  Хөдөлмөрийн хэлтсийн дарга П.Пунсалмаа хэлэхдээ “2013, 2014, 2015 онуудад хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдэд алдаа, оноо байсан. Энэ онд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд урд жилүүдийн алдаагаа засаж залруулна” гэлээ. Тодруулбал төслийг зохих эздэд нь хүргэж, хяналтыг сайжруулах гэнэ.

2016 онд аймгийн ИТХ-аас “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулж, залуучуудыг дэмжих хөтөлбөр шинээр хэрэгжих бөгөөд аймгийн МСҮТ төгссөн, ажил хайгаад олоогүй байгаа залуучуудыг санхүүгийн дэмжлэгт хамруулан эзэмшсэн мэргэжлээрээ ажлын байртай болоход нь туслах юм. Мөн оюутан залуучуудыг цагийн ажилд зуучлах, хорих байрнаас суллагдагсдыг ажилтай, орлоготой байхад анхаарах зэрэг олон шинэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж.

Сүүлийн саруудад ажил хайн бүртгүүлэх иргэдийн тоо өсөж байгаа ба бүртгэлтэй ажилгүйчүүдээс 150 гаруй хүнийг ажилд зуучилсны 47 хувь нь хувийн хэвшилд, 10 гаруй хувь нь төсөвт байгууллагад ажилд оржээ. Хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хамгийн өгөөжтэй нь Малжуулах хөтөлбөр бөгөөд өнгөрсөн онд 268 өрхийг малжуулж 500 гаруй иргэн ажлын байраар хангагдаад байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ