БНСУ-ын парламентын гишүүн Ким Ён Жуг Алтан гадас одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2019-05-24 15:33:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар БНСУ-ын парламентын гишүүн, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд асан хатагтай Ким Ен Жуг  Монгол Улсын төрийн дээд одон Алтан гадас одонгоор шагналаа. 

Шагналыг өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулав.

 

 Хатагтай Ким Ён Жу НАМЭХ-гоор дамжуулан Монгол, Солонгосын парламентын харилцаа, шийдвэр гаргах түвшний манлайлагч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог идэвхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үнэлжээ. Тэрээр Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн урилгаар манай улсад айлчилж байгаа юм.

 

БНСУ-ын парламентад гурав дахиа сонгогдон ажиллаж буй хатагтай Ким Ен Жугийн тухайд Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа тус улсад хөдөлмөр эрхэлж буй монгол ажилчдын эрх ашгийг хамгаалахад бодлогын томоохон дэмжлэг үзүүлсэн. Тодруулбал, БНСУ-д ажиллаж буй 40 мянган монгол ажилчин нийгмийн даатгал төлж, эх орондоо эргэж ирсэн хойноо тэтгэвэр тэтгэмж тогтоолгох боломжоор хангаж өгснөөс гадна, монгол ажилчдын хөдөлмөр эрхлэлт, аюулгүй байдлыг хангахад мөн бодлогын дэмжлэг үзүүлжээ.

 

Харин энэ удаад тэрбээр БНСУ-ын Засгийн газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас Монгол Улсад хөдөлмөр үйлчилгээний цахим сүлжээ бүрдүүлэх, дөрвөн жилийн хугацаатай, 3.5 тэрбум вонын хөрөнгө оруулалт бүхий төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэснийг Засгийн газарт албан ёсоор хүлээлгэн өгөх аж.

 

Хөдөлмөр үйлчилгээний цахим сүлжээг бүрдүүлснээр хөдөлмөрийн зах зээл дээрх сул ажлын байр мөн ажил хайж буй иргэдийн мэдээллийн дата бааз бий болж, энэ нь иргэдийн ажилгүйдэл, ядуурлыг бууруулах улмаар улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр үзүүлдэг болохыг дээрх төсөл хэрэгжсэн зарим улс орны жишээнээс харж болно. 

Холбоотой мэдээ