УИХ-ын дэгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-24 17:33:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Х.Нямбаатар нарын УИХ-ын 5 гишүүний санаачилсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.


Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм. Тэрбээр илтгэлдээ, Хуулийн төсөл 7 зүйлтэй агаад Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагааг УИХ-ын даргыг сонгож дуустал их хурлын хамгийн олон удаа сонгогдсон, хэрэв олон удаа сонгогдсон хэд хэдэн гишүүн байвал тэдгээрийн насаар хамгийн ахмад гишүүн удирдаж байхаар боловсруулсныг дурдсан. Мөн шинээр сонгогдсон гишүүн тангараг өргөөгүй тохиолдолд түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсанд тооцохоор тусгасан байна. Одоогийн УИХ-ын тухай хуулиар, УИХ-ын дарга, дэд даргыг сонгодог. Харин дээрх хуулийн төсөлд УИХ-ын дарга, дэд даргыг сонгох журмыг дэгийн тухай хуулиар зохицуулахаар тусгажээ. Үүнээс гадна шинээр бүрдсэн УИХ хуралдааны дэгээ шинэчлэн тогтоох, эсэх асуудлыг анхны ээлжит чуулганаараа хэлэлцэн шийдвэрлэж байх зохицуулалт хийсэн байна. Энэхүү хуулийн төслийг олон улсын практик, судалгаанд тулгуурлаж боловсруулсан гэдгээ төсөл санаачлагч онцлов. Мөн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах эрхтэй байх, тухайн төслийг чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг харгалзахгүйгээр хэлэлцэж байх, УИХ-ын дарга хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл болон бусад баримт бичгийг нэгдсэн хуралдаанд мэдээлж байх зэрэг зохицуулалт оруулжээ.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, энэхүү хуулийн төслийг хамт боловсруулсан гэдгээ тодотгоод, төсөлд гишүүн индэр дээрээс үг хэлдэг байхаар зохицуулсанд олон нийт шүүмжлэлтэй хандсан. Ингээд олон нийт хуулийн төслийг ач холбогдолгүй гэсэн ойлголттой болсон. Хуулийн төсөлд, асуудлыг хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэдэг байхаар заасан. Мөн төслийн зүйл, заалт бүрээр хэлэлцдэг байхаар тусгасан. Ингэснээр сайн хууль гарна. Хуулийн төсөлд олон нийтийн саналыг авдаг болж байгаа. Түүчнлэн чуулганы хэлэлцэх асуудлыг сараар төлөвлөдөг байхаар өөрчлөлт оруулсан" гэв.


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, хуулийн төслийн талаар хэвлэл мэдээллээр гарсан шиг мэдээлэлтэй байсан ч сая хуулийн төсөлтэй танилцахад, дэвшилтэй зүйлүүд олон байгааг хэлээд, хуулийн төслийг дэмжихээ илэрхийлсэн. 


Ийнхүү санад хураахад гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ