Ховд аймагт анх удаа дурангаар түрүү булчирхай авах мэс засал хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн БОЭТ-ийн Мэс заслын тасаг Бельгийн
Засгийн газрын дэмжлэгтэйгээр түрүү булчирхайн мэс заслын дурангийн аппараттай
болжээ.
Тус аппаратыг бүрэн ашиглах, мэс заслын шинэ арга технологийг орон нутагт
нэвтрүүлэх улмаар тус тасгийн эмч, мэргэжилтнүүдийг
чадваржуулах зорилгоор мэс заслын эмч нар ажлын байрны дадлага сургууль хийлээ.
Үүнтэй холбогдуулан Монголын мэс заслын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал,
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологийн төвийн дарга, Анагаах ухааны доктор,
дэд профессор Д.Баян-Өндөр, хагалгааны сувилагч Д.Одгэрэл нар энэ сарын 21-24-ний өдөр Ховд аймагт урилгаар ажиллав. Тэд аймгийн
БОЭТ-ийн Мэс заслын тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн их эмч Ж.Ганхуяг болон тус тасгийн
бусад эмч нарын хамт дурангаар түрүү булчирхай авах мэс засал хийжээ.
Энэ удаа 40 орчим иргэн түрүү булчирхайн үзлэг оношилгоонд хамрагджээ. Үүнээс 6 иргэнд дурангаар, 5 иргэнд нээлттэй түрүү булчирхай авах мэс засал хийлээ гэж албаныхан мэдээллээ.
Сүүлийн жилүүдэд түрүү булчирхайн өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд энэ удаагийн үзлэг оношилгоонд хамрагдсан иргэдийн дийлэнх нь ахмад буюу 57-75 насны иргэд байна.
Ховд аймгийн
БОЭТ-ийн Мэс заслын тасгийн хамт олон нээлттэй
түрүү булчирхай авах мэс заслыг өмнө нь хийж байсан туршлагатай бөгөөд энэ удаа дурангийн аппарат ашиглан түрүү булчирхай авах мэс
заслыг орон нутагт анх удаа хийснээрээ
онцлог байлаа. Тус мэс заслын дараа
өвчтөнд ямар нэгэн зовиур, хүндрэл мэдрэгдэх нь бага байна гэж иргэд ярилаа.
Ийнхүү Ховд
аймагт дурангаар түрүү булчирхай авах мэс заслыг хийж эхэлснээр иргэд өвчнөө цаг алдалгүй оношлуулах, алслагдсан бүс нутгийн эрүүл
мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж өргөжих боломж бүрдэж
байгаа юм.