Урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-25 13:09:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүнээс Ерөнхий сайдад хандан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явцын талаар” тавьсан асуулгын хариуг сонссон юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн тавьсан дээрх асуулгын дагуу мэдээлэл хийв. 


УИХ 2016 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг баталж, 2030 онд Монгол Улс нэг хүнд оногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсөж байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс байх зорилтыг тавьсан. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” нь эдийн засгийн тогтвортой хөгжил, нийгмийн тогтвортой хөгжил, байгаль орчны тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн засаглал гэсэн 4 бүлгийн 44 зорилтоос бүрдэж, I үе шат (2016-2020), II үе шат (2021-2025), III үе шат (2026-2030)-ад хүрэх зорилт, шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлсон урт хугацааны бодлогын баримт бичиг болохыг тэрбээр мэдээллийн эхэнд дурдав. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 7 дугаар бүлгийн 7.6 дахь хэсэг, УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолын 2.24 дэх заалтын дагуу “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын эхний үе болох 2017 он болон 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн тайланг бэлтгэжээ. 



Эдийн засгийн тогтвортой хөгжлийн хүрээнд, эдийн засгийг дэмжих бодлогын зорилтуудыг хэрэгжүүлж, олон улсын банк санхүүгийн байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, хөрөнгө оруулагчдыг бүх талаар дэмжиж, санхүү болон татварын оновчтой бодлогоор тэтгэх зэрэг ажил хийсний үр дүнд эдийн засаг сэргэж байна. Гадаад өрийн дарамт багасаж, гадаад валютын нөөц нэмэгдэж, улсын төсвийн тэнцэл ашигтай гарч эхэлсэн. 2017 онд 5.1 хувьд хүрсэн эдийн засгийн өсөлт нэмэгдэж 2018 онд дөрвөн жилийн хугацаанд хамгийн өндөр буюу 6.9 хувиар өслөө. Мөн 2019 оны эхний улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 8.6 хувьд хүрээд байна. Төсвийн сахилга батыг сайжруулж, нэгдсэн төсвийн алдагдлыг бууруулан, Засгийн газрын бонд гаргаж арилжааны банкууд хөрөнгө татдаг байсныг зогсоосноор хувийн хэвшилд олгох зээл, хөрөнгө оруулалт нэмэгдэж, зээлийн хүү буурч бизнесийн таатай орчин бүрдэж байна. Макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдэж буй энэ үр дүнд эдийн засгийн өсөлт нэмэгдэж бизнес эрхлэгчдийн орлого өсөж ашигт ажиллагаа сайжирснаар ажил эрхлэлт нэмэгдэж өрхийн орлого 15 хувиар өсжээ. Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбарын бодлогод, мал аж ахуйн салбарыг эрчимтэй хөгжүүлж, бэлчээрийн менежментийг сайжруулах, хүн амыг эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, геологи, уул уурхай хүнд үйлдвэрийн салбарыг бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. 


Нийгмийн тогтвортой хөгжлийн хүрээнд, хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Мөн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн хариу арга хэмжээг чанартай, хүртээмжтэй явуулах, тандалт, эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэх хүрээнд зарим ажлыг хийсэн байна. Түүнчлэн боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн ая тухтай сурч боловсрох орчныг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлж хүүхэд бүр цэцэрлэг хөтөлбөр хэрэгжүүлэн, гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэн, судалгаанд суурилсан их сургуулиудыг хөгжүүлж, дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийг дэмжин, шинжлэх ухааны салбарын судалгаа, боловсруулалтын ажлын эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр мөн тодорхой ажлыг хийж эхлээд байна. 


Байгаль орчны тогтвортой хөгжлийн хүрээнд, ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлтийг боловсруулах, Засгийн газрын худалдан авалтыг ногоон болгоход чиглэсэн эрх зүй, зах зээлийн судалгааг хийж үе шаттайгаар нэвтрүүлэх, ногоон эдийн засгийн мэдлэг олгох, байгаль хамгаалах цэвэр технологийн стандартыг боловсруулж олон улсын стандарт, норм нормативыг шинэчлэх ажлыг хийж байна. Мөн баталгаат ундны усаар хангагдсан хүн амын тоог нэмэгдүүлж, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлага нийцсэн барилга үйлдвэрлэлийг дэмжин, агаар орчны бохирдлыг бууруулах, эко системийн тэнцвэрт байдлыг хангах, тогтвортой хөгжлийн боловсролыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байна. 


Тогтвортой хөгжлийн засаглалын хүрээнд засаглал эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлж Монгол Улсын төрийн албаны тухай хуулийг шинэчлэн боловсруулан баталж, төрийн байгууллагын үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, ил тод, шударга, хүртээмжтэй болгох, авилга ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх хүний эрх зүйн ёсны механизмд нийцүүлэх зарчмыг бий болгоход чиглэсэн багц хуулийг батлуулан, хэрэгжүүлж байна. 


Уг мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Н.Оюундарь, Д.Оюунхорол, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авлаа. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, хөгжлийн талаарх бодлогын баримт бичгүүдийг цэгцлэх, хянах ажлын явцын талаар болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос хоёр жил тутам “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээллийг сонсож хяналт тавих чиг үүргийн хэрэгжилтийн талаар гишүүд тодруулж байв. Түүнчлэн хэрэгжилт нь хангалтгүй байгаа хэмээн үзэж байгаа бол уг баримт бичгийг шинэчлэх талаар Засгийн газар ямар байр суурьтай байгааг тодруулж хариулт авсан. Монгол Улсын хувьд, хөгжлийн боломжоо ашиглаж чаддаггүй, цаг хугацаа алддаг гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн дурдаад өндөр зорилтууд бүхий уг бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах нь УИХ-ын болон үе үеийн Засгийн газрын гишүүдийн зорилго байх ёстой гэдгийг хэлэв. 


УИХ-аас тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-той хамтран “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөөд байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол мэдээлэл өгөв. Ирэх 27, 28-ны өдөр Төрийн ордонд болох уг чуулганд гадаадын парламентуудын төлөөлөл, дэд спикерүүд болон сайд нар оролцох юм байна. Энэ хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх Монгол Улсын оролцоо ямар байна, өмнөх хурлаас хойш өнөөдрийг хүртэл ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн болохоо тодорхойлон хэлэлцэх юм байна. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг тодотгох, шинэчлэх шаардлага бий гэдгийг удаа дараагийн хэлэлцүүлгийн явц, холбогдох сайд нарын мэдээллээс харж болно хэмээн тэрбээр хэллээ. Тогтвортой хөгжлийн зорилтод ядуурлыг бууруулах бус харин бүрмөсөн арилгах зорилтыг дэвшүүлснийг тэрбээр онцоллоо. Энэ чиглэлээр ихээхэн анхаарал хандуулж, олон ажлыг хийх шаардлагатай гэдгийг хэлээд “Хэнийг ч ардаа орхилгүйгээр хүн бүр хөгжлийн үр шимийг ижил тэгш хүртэх ёстой гэдэг зарчмыг баримтлах ёстой. Бидний хувьд үүнийг баримталж чадахгүй байна. Орлогын тэгш бус байдал бий болсон бөгөөд үүнийг арилгах чиглэлээр Засгийн газар хөтөлбөрөө, улс төрийн сонгуульд оролцсон намууд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ иргэн рүү чиглэсэн боломж бий болгох ёстой юм” хэмээгээд Д.Оюунхорол гишүүн эдийн засаг өнөөгийн өсөлтийн өгөөжийг зөв хуваарилах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч чадах эсэхийг тодруулан хариулт авсан. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа асуулга тавьсан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд сэтгэл дундуур байгаагаа, эдгээрийг хариуцсан агентлагийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буйгаа хэлж байв.

Холбоотой мэдээ